Шадар сайд Ө.Энхтүвшин мэргэжлийн хяналтын байгууллагын 53 албан хаагчдад орон сууцны батламж гардууллаа

Монгол Улсын Засгийн газраас цар тахлын үед галын шугамд ажиллаж буй төрийн  албан хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцаар хангах тухай тогтоолын төслийг баталсан билээ.

Өнөөдөр Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин энэхүү хөтөлбөрт хамрагдсан Мэргэжлийн хяналтын байгууллагын төлөөлөлд орон сууцанд орох эрхийг нь баталгаажуулсан батламжийг гардуулан өглөө.

Ёслолын ажиллагаанд Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшин, Шадар сайдын зөвлөх О.Эрдэнэчимэг, МХЕГ-ын дарга, улсын ерөнхий байцаагч Н.Цагаанхүү, Нийслэлийн орон сууцны корпорацийн захирал Б.Сүхбаатар нар оролцлоо.

Энэ үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин “…Ердийн ипотекийн зээлийн хүү 8 хувьтай байгаа бол нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож буй энэ зээлийн хүү 6 хувиас хэтрэхгүй. Бас нэг онцлог нь  байр авах батламжаа авсан албан хаагчид   100 хувь дууссан, ашиглалтад ороход бэлэн, чанарын шаардлага хангасан орон сууцнаас өөрсдөө байраа сонгох боломжтой юм. Төрийн бүх албан хаагчид үүнд хамрагдаж чадахгүй байгаа. Эрсдэлтэй нөхцөлд санаачилгатай, сайн ажиллаж байгаа төрийн албан хаагчид нэн тэргүүнд хамрагдана. Эрүүл мэндийн байгууллага, мэргэжлийн хяналт, онцгой байдал, цагдаа, цэвэрлэх байгууламж зэрэг 11 байгууллагын төлөөлөл эхний ээлжинд энэхүү нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцтай болох хөтөлбөрт хамрагдах юм. Мэргэжлийн хяналтын байгууллагынхан Засгийн газрын 62-р тогтоолын хэрэгжилтэд маш сайн хяналт тавьж ажилласан. Нийслэлчүүдийг утаагүй өвөлжихөд болон цар тахлын энэ үед сайн ажиллаж байгаа. Засгийн газраас хэрэгжүүлж буй энэ хөтөлбөр цар тахлын үед тэргүүн эгнээнд ажиллаж байгаа төрийн албан хаагчдад урам, дэмжлэг болно” гэв.

Мэргэжлийн хяналтын байгууллагад 5-33 жил ажиллаж буй МХЕГ-ын 3, НМХГ-ын 16, Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны 14, Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны 6, Сүхбаатар боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны 5, Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 4, Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 5, нийт 53 эрүүл ахуй халдвар хамгаалал, ургамал хорио цээр, хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч, жолооч, ариутгагч, лабораторийн ажилтан албан хаагч ийнхүү батламжаа гардан авлаа.

Санал болгох мэдээ

Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн улмаас 1.8 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” худалдааны төвийн замд энэ оны 1 …