Г.Арсланхуяг:Аюултай хог устгах зориулалтын байгууламж барьж, газрыг нь тусгай хэрэгцээнд авах хэрэгтэй

“Хогоор бүү хорло”. Энэ бол ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албанаас хэрэгжүүлж буй “Байгаль эн тэргүүнд” төслийн уриалга. Жирийн иргэдээс эхлээд урлаг, соёл, спортын төлөөлөл, төрийн болон хувийн хэвшлийн олон байгууллага энэ аянд нэгдэж, “Хогоор бүү хорло” хэмээн уриалах болсон. ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Г.Арсланхуягтай ярилцлаа.

-Хог хаягдалтай тэмцэх чиглэлээр төр, хувийн хэвшлийн байгууллагууд олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг. Танай төслийн онцлог юу вэ?

-Манай албанаас хэрэгжүүлж буй “Байгаль эн тэргүүнд” төслийн зорилго нь иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлж, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх. Хамгийн гол нь байгаль хамгаалах зөв дадал, хандлагыг түгээн дэлгэрүүлэхийг зорьж байгаа юм. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн гуравдугаар зүйлд заасан “Газар, түүний хөрсийг аливаа нөлөөлж болзошгүй үйл ажиллагаанаас хамгаалж, байгаль орчны тэнцэл алдагдахаас урьдчилан сэргийлэх” гэсэн заалтын хэрэгжилтийг сайжруулахад “Байгаль эн тэргүүнд” төсөл бодитой хувь нэмэр оруулна гэж бид найдаж байгаа. Энэ хүрээнд “Хотын болон аяллын дүрэм”, “Хог хаягдлын алтан дүрэм” сэдвээр олон нийтэд чиглэсэн нөлөөллийн ажил хийж байна.

-“Хогоор бүү хорло” аяны өгөөж нь юу байх бол?

-ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн, “Монкон” группийн “Мандала гарден” төсөл, “М-Си-Эс кока кола” компанийнхантай хамтраад нэг сарын хугацаанд хэрэгжүүлэх “Хогоор бүү хорло” аяныг энэ сарын 10-наас эхлүүлсэн. Аяны хугацаанд энгийн, аюултай, барилгын болон уул уурхайн хог хаягдлын тухай мэдээллийг олон нийтэд өгч, байгалиа хамгаалах нь зөвхөн төрийн байгууллагуудын ажил биш гэдгийг ойлгуулахыг зорьж байгаа. Өөрөөр хэлбэл, байгалиа хамгаалахад иргэн бүрийн оролцоо чухал. Энэ оролцоог хангаснаар орчны бохирдлыг бууруулж, экологийн тэнцвэр алдагдахаас урьдчилан сэргийлэх боломжтой. Мөн иргэдийн хандлага өөрчлөгдөж, зөв дадал, соёл төлөвшиж, эерэг өөрчлөлт гарна.

…Сүүлийн үед бүртгэгдсэн гэмт хэргийг зүйлээр нь авч үзвэл, хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох, амьтан агнах, мод, ургамал түүж бэлтгэх гэмт хэрэг хамгийн их гарсан. Бүгд өнгөрсөн оныхоос өссөн үзүүлэлттэй байгаа. Харин ой, хээрийн түймэр тавих гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 50 хувиар буурчээ. Манай алба байгуулагдсанаар энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх ажил нэлээд эрчимжсэн…

-Уг аяныг иргэд идэвхтэй дэмжиж, нэгдсээр байна. Хэчнээн байгууллага та бүхэнтэй гар нийлэв?

-Олон нийт рүү чиглэсэн нөлөөллийн ажилд нийгмийн олон салбарын төлөөллийн идэвх, оролцоо шаардлагатай. Манай аянд одоогоор уул уурхайн 15, барилгын 12, нийтийн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг найм, эрүүл мэндийн салбарын хоёр аж ахуйн нэгж нэгдэж, хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр дотооддоо тодорхой ажлууд хийгээд байна. Иргэд ч идэвх санаачилгаараа шинэлэг, бүтээлч ажлууд хэрэгжүүлж, өрх гэр, албан байгууллагадаа түүнийгээ туршин, гарц, шийдлээ бидэнтэй хуваалцах болсон. Тухайлбал, Дорноговь аймгийн Айраг сумын эмэгтэйчүүдийн төлөөлөл манай аянд нэгдэж, хуванцар цуглуулах хогийн сав хийснээ сумынхаа холбогдох байгууллагад хүлээлгэж өглөө. Хан-Уул дүүргийн “Нархан” хотхоныхон хогоо ангилан ялгадаг туршлагаасаа хуваалцаж, аяныг дэмжиж буйгаа илэрхийллээ. Энэ мэтчилэн иргэд, албан байгууллагууд энэ аянд идэвхтэй оролцож байна.

-Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилт муу байна. Орчны бохирдол ихэссэн нь үүнтэй шууд холбоотой. Ил, задгай хог хаявал иргэн, хуулийн этгээдийг 50-500 мянган төгрөгөөр торгоно гэж хуульд заасан ч энэ нь хэрэгждэггүй. Үүнийг яаж өөрчлөх вэ?

-Иргэд хаягдлын хор уршгийн талаар бүрэн ойлголттой, шаардлагагүй зарим хэрэглээнээсээ татгалзаж чаддаг, хогийг эх үүсвэр дээр нь ангилан ялгадаг болсон цагт л энэ асуудал шийдэгдэнэ. Дан ганц хууль байгаад хог, хаягдал багасахгүй. Өөрөөр хэлбэл, гол асуудал хогонд бус, бидний хандлагад байна. Тиймээс л бид “Байгаль эн тэргүүнд шүү, хогоор битгий хорлоорой, бохирдуулаарай” гэж маш энгийн зүйлд иргэдийг уриалж байгаа юм. Өргөн агуулгаараа бол энэ нь буруу дадал, хандлага та, бидний ирээдүйг сүйтгэн доройтуулж байгааг ойлгуулж, ухамсарлуулах зорилготой.

“Эх орончийн халаасанд чихрийн цаас бий” гэдэг үг байдаг. Эх орноо хайрлах нь энэ мэт энгийн, зөв хандлагаас л эхэлнэ шүү дээ. “Хэн нэгэн намайг харахгүй байгаа юм чинь…” гэдэг хандлагаар хогоо ил, задгай орхиж, байгаль бохирдуулахаа больчихвол, хаягдлаа зориулалтын саванд хийгээд, ангилан ялгаад хэвшчихвэл томоохон дэвшил гарна.

-Манай улсад аюултай хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, устгах, дахин боловсруулах тогтолцоо ямар түвшинд байдаг бол. Энэ төрлийн баримт, судалгаа үнэхээр дутмаг юм билээ.

-Тэсрэмтгий, шатамхай, идэмхий, агаар, устай харилцан үйлчилж хорт хий ялгаруулдаг, халдвартай, хүн, амьтан болон байгальд урт, богино хугацаанд хортой нөлөө үзүүлдэг, устгасны дараа ч хоруу шинж чанараа хадгалж, эрсдэл дагуулдаг хог хаягдлыг аюултай ангилалд оруулдаг. Ийм төрлийн хог хаягдлыг стандарт, шаардлагын хүрээнд цуглуулж, тээвэрлэн, устгах нэгдсэн менежмент, тээвэр ложистикийн паркууд бий болгох, байгаль орчинд халгүй, дэвшилт технологийн аргаар устгадаг зориулалтын байгууламжуудыг бүсчлэн барих, газрыг нь тусгай хэрэгцээнд авах ажлыг нийслэл, орон нутгийн удирдлага шуурхай шийдвэрлэх шаардлага нэн тэргүүнд тулгарч байна. Улсын хэмжээнд жилдээ 10 мянган тонн аюултай хог үүсдэг, түүний 10-20 хувийг нь л дахин боловсруулдаг гэсэн судалгаа бий.

-Экологийн цагдаагийн албаны бүтэц, чиг үүргийг танилцуулахгүй юү?
-Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар тогтоол, Хууль зүй, дотоод хэргийн сайдын А/09 дүгээр тушаалаар цагдаагийн төв байгууллагын бүтцэд хүрээлэн буй орчныг хамгаалах, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий Экологийн цагдаагийн алба байгуулсан. Манай алба Захиргааны удирдлага, Эрүүгийн цагдаа, Зөрчил шалган шийдвэрлэх, Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагаа гэсэн дөрвөн хэлтэс, 21 аймаг, 64 сумд экологийн асуудал хариуцсан эрүүгийн ахлах мөрдөгч, мөрдөгч, байцаагч нийлсэн 170 гаруй алба хаагчтай үйл ажиллагаа явуулж байна.

-Экологитой холбоотой ямар төрлийн зөрчил, гэмт хэрэг түгээмэл байна вэ?

-Улсын хэмжээнд хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг энэ оны эхний таван сард 365 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 165-аар буюу 82.5 хувиар өссөн үзүүлэлт. Нийт хэргийн 330 буюу 90.4 хувь нь орон нутагт, үлдсэн нь Улаанбаатарт бүртгэгдсэн байна. Өнгөрсөн онтой харьцуулахад орон нутагт гарсан хэрэг 87.5, нийслэлийнх 45.8 хувиар өсжээ.

Сүүлийн үед бүртгэгдсэн гэмт хэргийг зүйлээр нь авч үзвэл, хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох, амьтан агнах, мод, ургамал түүж бэлтгэх гэмт хэрэг хамгийн их гарсан. Бүгд өнгөрсөн оныхоос өссөн үзүүлэлттэй байгаа. Харин ой, хээрийн түймэр тавих гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 50 хувиар буурчээ. Манай алба байгуулагдсанаар энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх ажил нэлээд эрчимжсэн.

Бид хууль бус агнуур, ашигт малтмал олборлох, мод, ургамал бэлтгэх гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, нийслэлийн Байгаль орчны газар, Туул голын сав газрын захиргаатай 2020 онд нягт уялдаа холбоотой ажиллаж, хамтарсан хяналт шалгалт хийж байна.

-Ер нь олон улсад экологийн цагдаагийн алба ямар арга барилаар ажилладаг бол. Та бүхэнд тулгамдсан ямар бэрхшээл байна вэ?

-Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх чиглэл бүхий цагдаагийн байгууллага олон улсад цөөнгүй бий. Хүний замбараагүй хэрэглээ, хотжилт, төвлөрлийн нөлөөгөөр байгаль дэлхий уруудан доройтож, бохирдож буй ч үгээ хэлж, эрхээ хамгаалуулж чадахгүйдээ энэ бүх дарамтыг дуугүй л тэвчсээр байгаа. Харин байгаль орчны цагдаа нар тэдний эрхийг хамгаалахын төлөө өмнөөс нь дуугардаг. Бидний ажлын онцлог энэ юм.

АНУ-ын Массачусеттсийн цагдаа нар гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдээр байгаль цэвэрлүүлэх, экологийн мэдлэг олгох сургалтад хамруулах арга хэмжээ авч буй тухай өчигдөрхөн нийтлэл уншлаа. Ингээд харахаар, улс улсын онцлог арга барил бий юм шиг. Манай Экологийн цагдаагийн албаны хувьд иргэдэд экологийн мэдлэг, мэдээлэл өгөх, байгаль хамгаалах оролцоог нэмэгдүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлд шат дараатай үйл ажиллагааг хэрэгжүүлдгээрээ онцлог. Иргэдийн зүгээс дэмжлэг их учир албаны үйл ажиллагаанд тулгамдсан бэрхшээл байдаггүй.

http://credit-n.ru/offers-zaim/denga-zaimy-nalichnimi.html http://credit-n.ru/offers-zaim/otlnal-microzaimi.html

Санал болгох мэдээ

Г.Цолмон: Иргэдийн шилжилт хөдөлгөөний бүртгэлийг дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс зогсооно

Улсын их хурлын 2024 ээлжит сонгууль болох гэж байгаатай холбогдуулан сонгуульд санал өгөх иргэд оршин …