Ерөнхийлөгчид БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын дарга бараалхав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын дарга Чой Тэ Бок бараалхав
БНАСАУ-д төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид тус улсын Ардын Дээд Хурлын дарга Чой Тэ Бок өнөөдөр Пэкхвавон харшид ирж бараалхав. Тэрээр ярианыхаа эхэнд өнгөрсөн онд УИХ-ын даргын урилгаар Монголд айлчилж, солонгосын ард түмэнд монголын ард түмэн найрсаг ханддагийг ойлгон мэдэрч явснаа дурдаад та энэ айлчлалаараа манай ард түмэн бас монголчуудад найрамдлын сэтгэлээр ханддагийг мэдэрч байгаа байх хэмээн хэллээ.

Мөн “Монголын эдийн засгийн хөгжил, амжилтад бид баярлаж байдаг. Бид хүндэт маршалынхаа удирдлагаар ард түмнийхээ амьжиргааг дээшлүүлэхээр маш их чармайн ажиллаж байна. Манай нийгэм, улс төр тогтвортой байгаа. Үе үе бэрхшээл тулгардагч амжилтад хүрнэ гэж найддаг. Бид энх тайвныг сахиулахын төлөө байдаг. Эдийн засгийн хөгжилд энх тайван байдал маш хэрэгтэй. Эх орноо нэгтгэх байр суурь хэвээр байгаа. Бидний байр суурийг ойлгон дэмжлэг үзүүлнэ гэж бодож байна. Хоёр орон улс төр, эдийн засаг, соёл, спорт гээд бүх салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ гэж найдаж байна. Парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагаа ч хөгжинө гэдэгт итгэж байна. Манайд мал аж ахуй хөгжүүлэхэд тусалж, мэргэжилтнүүд сургаж өгөхийг хүсье” гэв.

Ерөнхийлөгч БНАСАУ-ын удирдлага, ард түмэн өөрийг нь халуун дотноор хүлээн авч буйд баярлаж байгаагаа илэрхийлээд “Манай хоёр орны харилцаанд ахмад үеийнхний хүчин зүтгэл шингэсэн учир улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх үүрэг бидэнд ногдож байна. Хоёр орны ард түмний эрх ашигт нийцсэн тийм хамтын ажиллагааг бид хөгжүүлж чадна гэдэгт итгэж байна” гэлээ. Тэрээр цааш нь хэлэхдээ “Манай эдийн засгийн зорилт бол дотооддоо үйлдвэрлэлээ бэхжүүлэх явдал. Энэ бол эдийн засгийн хувьд бие даах боломж юм. Бидний энэ талаарх зорилт ижил учраас олон салбарт хамтран ажиллана гэж бодож байна. Таны хэлснээр парламент хоорондын хамтын ажиллагаа ч чухал. УИХ-ын даргын урилгаар Монголд айлчилсанд талархаж байна. Өндөр дээд түвшний айлчлалын давтамжаа хадгалах нь зүйтэй гэж үзэж байна” хэмээлээ.

Монгол Улс хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт хамтарч ажиллахад бэлэн байна. Манайхаас чацаргана зэрэг зарим бүтээгдэхүүн нийлүүлэх боломжтой. Бид хүнд мөчид харилцан туслалцаж байсан. Өнөөдөр ч туслахад бэлэн байна. Манай орон мал аж ахуй эрхлэх арвин туршлагатай. Залуучууд, мэргэжилтэн сургах, манай хүмүүс ирж ажиллах боломж бий хэмээн Ерөнхийлөгч хэлэв.

Санал болгох мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэхгүй

Үндэсний баялгийн сангийн анхдагч хуулийн төслийг 2024 оны дөрөвдүгээр сарын 3-нд Засгийн газраас УИХ-д өргөн …