БНЭУ-аас ирсэн монгол иргэд Энэтхэгийн ард түмэнд хандив өргөв

Дэлхий нийтэд тархаад буй шинэ төрлийн коронавируст цар тахлын үеэр Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас эх орондоо буцах хүсэлт гаргасан иргэдийг 2 удаагийн нислэг үйлдэн татан авах шийдвэрлэсэн. Үүний дагуу эхний нислэгийг 5 дугаар сарын 19-ний өдөр үйлдэж, Энэтхэг Улсад эмчилгээ, хагалгаа, сургалт зэрэг шалтгаанаар түр хугацаанд зорчиж байгаад 2 сарын хугацаанд хатуу хөл хорионд ороод байсан 158 иргэнийг татан авсан билээ.

Эдгээр 158 иргэний эхний шинжилгээний хариу бүгд сөрөг буюу коронавирусгүй гарсан юм. Эх орондоо ирээд, тусгаарлах байрны ажиглалтад байгаа 158 иргэний зүгээс өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, аюулт тахлыг дотооддоо алдчихаас сэргийлэн ажиллаж байгаа эмнэлэг, онцгой, цагдаа, мэргэжлийн хяналт гээд эгэл жирийн албан хаагчдадаа талархсан сэтгэлийн илэрхийлэл болгож, 120 ширхэг нэг удаагийн хамгаалах хувцсыг 5 дугаар сарын 29-ний өдөр Улсын онцгой комисст хандивласан юм.

Тэгвэл тэд мөн Энэтхэг Улсын Засгийн газарт цар тахалтай тэмцэж, даван туулахад нь эд материалын болон сэтгэлийн дэмжлэг үзүүлэх зорилгоор 120 ширхэг хамгаалах хувцсыг хандивлаж байгаагаа ар гэрийн төлөөллөөр дамжуулан Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд гардуулан өгчээ. Хандивыг Элчин сайд ноён М.П.Сингх өөрийн биеэр хүлээн авч, талархлаа илэрхийлсэн байна.

Энэ онд Монгол, Энэтхэг улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож буй бөгөөд Монгол-Энэтхэгийн өнө эртний түүхтэй найрамдалт харилцаа, хоёр ард түмний харилцан итгэлцэлд энэхүү хандивын үйл ажиллагаа нь өчүүхэн ч болтугай хувь нэмэр оруулна гэж найдаж байгаагаа Энэтхэгээс ирсэн иргэдийн ар гэрийн төлөөлөл хэлсэн юм.

Энэтхэгт сүүлийн өдрүүдэд коронавирусийн халдвар өдөрт дунджаар 8,000 орчмоор нэмэгдэж, 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар 200 мянга орчим тохиолдол бүртгэгдэн халдварын тоогоор дэлхийд 7 дугаарт бичигдэж эхлээд байгаа билээ.

Энэтхэгээс ирсэн иргэд 3 хоногийн хандивын аяныг дотооддоо цахим группээр дамжуулан зохион байгуулж, аяны хүрээнд цугларсан 4.0 сая гаруй төгрөгөөр үндэсний үйлдвэрлэгч “Exclusive” ХХК-ийн Европын орнууд руу захиалгаар нийлүүлж буй exMed сайн чанарын нэг удаагийн хамгаалах хувцаснаас 240 ширхгийг худалдан авч, тэнцүү хуваан УОК болон Энэтхэгийн ЭСЯ-нд тус бүр 120 ширхгийг хүлээлгэн өгч байгаа ажээ.

Мөн “Exclusive” ХХК-ийн зүгээс энэхүү сайн үйлсийн аяныг дэмжиж, 34 ширхэг хамгаалах хувцсыг үнэгүй нийлүүлж, хандив өгсөн байна. Энэтхэг рүү хийх дараагийн нислэгийг Өмнөд Энэтхэгийн Карнатака мужид байрлах Гоман, Сэра дацан хийдэд шавилан суралцаж байгаа бага насны лам хүүхдүүдийг оршин суугаа газартай нь ойролцоо газраас шууд нислэгээр татан авах ажиллагааг 6 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулахаар зохих бэлтгэлийг ханган ажиллаж байна. Лам-оюутнуудын суралцдаг муж нь Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотоос 2500 орчим километрийн зайтай оршдог тул тус улсад цар тахлын дэгдэлт эржимжилтэй байгаа эрсдэлт цаг үед бага насны хүүхдүүдийг удаан хугацаагаар алс замд олноор тээвэрлэхгүй байх, халдвар авах эрсдэлээс сэргийлэх үүднээс ойролцоох газраас нь шууд нислэгээр татан авахаар төлөвлөжээ.

http://credit-n.ru/avtokredit.html http://credit-n.ru/avtokredit.html http://credit-n.ru/kreditnye-karty-blog-single.html
Холбоотой мэдээлэл

Comments are closed.