Д.Мөнхдэлгэр: Сэтгэл зүйн тэнцвэртэй байдлыг барьж сурна гэдэг нь ерөнхийдөө сэтгэл зүйгээ удирдах тухай ойлголт

Ugluu.mn сайт “Өглөөний зочин” булангийн энэ удаагийн дугаартаа Сэтгэл зүйч Д.Мөнхдэлгэртэй сэтгэл судлалын шинжлэх ухааны талаар ярилцлаа.

  • Сайн байна уу. Танд шинэ өглөөний мэнд хүргэе. Ярилцах урилгыг хүлээж авч “Өглөөний зочин” болж байгаад баярлалаа. 

Өглөөний зочин болж ярилцах гэж байгаадаа баяртай байна. Яагаад гэвэл би өглөөд маш их ач холбогдол өгдөг хүмүүсийн нэг.

  • Өглөөг хэрхэн эхлүүлдэг вэ. Таны хамгийн түрүүнд хийдэг үйлдэл?

Өглөө сэрээд хамгийн түрүүнд байгаа бүхэндээ талархдаг. Энэ нь нэг талаараа өнөөдрийн сэтгэл зүйн бэлтгэл болж өгдөг. Аливаа зүйлд сэтгэл зүйн бэлтгэлтэй байвал сэтгэл зүйн тэнцвэртэй байдлаа хадгалж чадна. Нөгөө талаасаа ямар ч зүйлд бэлэн болж эхэлдэг гэсэн үг. Өнөөдрийнхөө сэтгэл зүйг өглөөдөө бэлдчихвэл тухайн өдөр маань амжилттай өнгөрөх магадлал илүү өндөр болно.

Таны өглөөний зуршил юу вэ?

Өглөөг хөдөлгөөнтэй эхлүүлэхийг хичээдэг.  Өглөө бүр иога хийнэ. Ажлын нөхцөл байдлаас болоод иога хийх боломжгүй өглөө алхдаг. 

Зарим орны хүмүүстэй харьцуулбал Монголчуудын сэтгэл зүйн онцлог бие мах бодийн хөдөлгөөнтэй маш их холбоотой. Жишээлбэл стресст орчихсон хүнтэй ажиллахад зөвхөн ярилцлагаас гадна хөдөлгөөнийг ашиглавал илүү үр дүн гардаг. 

  • Энэ зуршлаасаа салчих юмсан гэсэн өглөөний сөрөг зуршил бий юу?

Санаанд орохгүй байна. Төгс хүн гэж мэдээж байхгүй. Ямар нэгэн сөрөг зуршилтай байдаг. Гэхдээ миний хувьд өглөөд ач холбогдол өгдөг учраас зөв зуршлаар эхлүүлдэг. 

  • Миний хувьд одоохондоо өглөөд ач холбогдол өгч амжихгүй л яваад байна. Оройтож унтдаг. Түүнээсээ болоод өглөө эрч босож өөртөө цаг гаргаж чаддаггүй. Над шиг олон хүн байдаг байх шүү?

Бидний нийгмийн амьдралын хэв маяг хүссэн хүсээгүй хувь хүмүүсийг сөрөг зуршил руу шахах тохиолдол байна. Жишээлбэл ажлын ачаалал орой унтахад хүргэж байна. Орой унтсан хүмүүс дийлэнх тохиолдолд эрт сэрж чадахгүй. 8 цаг унтах ёстой хүний физиологийн хэрэгцээ байна шүү дээ. Гэтэл 01:00 цагаас хойш унтаад байхаар өглөө эрт сэрэхэд хэцүү болчхож байна. Энэ нь нэг талаасаа хувь хүний зохион байгуулалт юм шиг харагдаж байгаа ч нөгөө талаасаа яалт ч үгүй нийгмийн тулгалтаар хүмүүс ийм нөхцөл байдалд орж байгаа нь харагдаж байгаа. 

Сэтгэл судлалын онцлог нь хамгийн энгийнээр хүн хаана байна, хүн хаана харилцаанд орж байна, хүн хаана хөгжиж, төлөвшиж байна тэр бүх газарт оршин байдаг. Хүнтэй салшгүй холбоотой шинжлэх ухаан.

  • Юун түрүүнд тантай хамтран ажиллах болсондоо баяртай байгаагаа сайтынхаа зүгээс илэрхийлье. Энэ долоо хоногоос таны сэтгэл зүйн зөвлөгөө цувралаар уншигчдад маань хүрнэ. Түүнээс өмнө хоёулаа сэтгэл зүйн шинжлэх ухааны талаар ярилцаж тодорхой ойлголтыг уншигчид даа хүргэе.

Сэтгэл зүйн шинжлэх ухаан ямар онцлогтой шинжлэх ухаан бэ. Яагаад чухал юм?

Сэтгэл судлалын шинжлэх ухаан харьцангуй залуу шинжлэх ухаан гэдгийг сонсож байсан байх. Ялангуяа манай улсад хөгжиж эхэлж байгаа шинжлэх ухаан. Сэтгэл судлаачийн талаар, сэтгэл судлалын шинжлэх ухааны ач холбогдолын талаар хүмүүс харьцангуй мэддэг болсон байна. 10 гаруй жилийн өмнө хүн амын 80-аад хувь нь сэтгэл судлаачдыг юу хийдэг хүмүүс юм гэж хүлээж авдаг байсан бол одоо 80 орчим хувь хүлээн зөвшөөрч ойлгодог, асуудал гарвал очих ёстой юм байна гэдэг хандлагыг авсан. Энэ хандлага нь бодит үйл хэрэг болоход тодорхой хугацаа шаардлагатай. 

Сэтгэл судлалын онцлог нь хамгийн энгийнээр хүн хаана байна, хүн хаана харилцаанд орж байна, хүн хаана хөгжиж, төлөвшиж байна тэр бүх газарт оршин байдаг. Хүнтэй салшгүй холбоотой шинжлэх ухаан. Хамгийн гол зүйл нь олон ургалч үзлийг шаардаж байдаг. Тогтсон томъё гэж байхгүй. Хүн болгон дахин давтагдашгүй дотоод ертөнцтэй. Дээр нь төрсөн гэр бүлийн орчин, уур амьсгал тухайн хүнийг бүтээдэг. Цэцэрлэг, сургууль, ажил, найз нөхөр, шинээр үүсгэж байгаа гэр бүл гэх мэт нийгмийн жижиг бүлгүүд мөн нөлөөлж байна. 

Хүнийг бүтээж байгаа маш олон хүчин зүйлүүд бий. Эдгээр нь сэтгэл судлалын шинжлэх ухааныг эклектик хандлага буюу бүх онол үзэл баримтлалуудыг ашиглах, олон ургалч үзэл бий болох нөхцөл суурийг тавьж өгдөг.  Зөвхөн Зигмуд Фрейдын үндэслэсэн Психоанализын онолоор явна эсвэл хүмүүнлэг онал баримталдаг сэтгэл судлаач хаана ч байхгүй. Маш олон үндсэн болон салбар онолууд дээр суурилдаг. Энэ нь хүн, нийгмийн хөгжилтэй салшгүй холбоотой. 

  • Хүний дотоод ертөнцийг судалдаг шинжлэх ухаан гэж ойлгож болох уу?

Хүний дотоод ертөнц, тэр дундаа сэтгэл гэж нүдэнд харагдаж, гарт баригдахгүй байгаа, гэхдээ бидний амьдралыг удирдаад, жолоодоод, ололт амжилт, алдаа оноонд хүргээд байгаа тэр зүйлтэй ажилладаг шинжлэх ухаан. Монголд маш чадварлаг сэтгэл зүйчид олон бий.  Дотоод, гадаадын мундаг сургуулиудад магистр, доктор хамгаалаад ирчихсэн олон сэтгэл судлаачид ажиллаж байна. Энэ нь маш сайшаалтай. 

Сэтгэл судлалын шинжлэх ухааны бас нэг тал нь хэмжих, барих боломжгүй чанар. Ер нь сэтгэл судлал нь анагаах ухаан, нийгмийн шинжлэх ухаан, философи гэх мэт маш олон салбартай холбогддог. Эдийн засгийн салбартай хүртэл холбогдох нь бий. Мөн сэтгэл судлал нь дотроо маш олон салбарлаж байна. Гэр бүл, хүүхэд, цэрэг цагдаа, тусгай хүчний гээд задраад явж байгаа. Үүнийгээ дагаад сэтгэл судлаачид мэргэшиж байна. Энэ бол маш чухал. Яагаад гэвэл би сэтгэл судлаач гээд бүх асуудал руу нэгэн зэрэг орох боломжгүй. Судалж бархааргүй, гайхамшигтай, гүн гүнзгий шинжлэх ухаан. Хүмүүс өөрийгөө олох үйл явц насан туршид ч үргэлжилж болдог байхад сэтгэл судлаачид маш олон хүний сэтгэлийг судалж, тэдэнд өөрийгөө олох, тулгарсан асуудлаа хамгийн сайн хувилбараар шийдэхэд нь тусалдаг. Гэсэн ч бүх салбарт ороод ажиллаад, үр дүн гаргаад явах боломжгүй тул тодорхой салбараар мэргэшин ажилладаг.

  • Та ямар чиглэлээр мэргэшсэн бэ?

Миний хувьд байгууллагын сэтгэл судлалаар мэргэшсэн. “Байгууллагын хүний нөөцийн удирдлагад сэтгэл судлалын шинжлэх ухааныг ашиглах нь” сэдвээр судалгааны ажлаа хийдэг. Хүний нөөц гэдэг маш том салбар. Орчин үед хүнээ хөгжүүлсэн байгууллага, хүнээ татсан байгууллагын ажилтнууд илүү тогтвор суурьшилтай байж чадаж байна. Сэтгэл судлалын шинжлэх ухааныг ашиглах ёстой юм байна гэдгийг бизнесийн салбар, төрийн байгууллагын хүний нөөцийн салбар ч гэсэн сонирхоод эхэлж байгаа нь зөв хандлага. Байгууллагын хүний нөөцийн сэтгэл зүйн онцлогийг ажилтны байгууллагад харьяалагдах мэдрэмжтэй холбон тайлбарлаж эхлэдэг. Тухайн хүн ажиллаж байгаа байгууллагадаа харьяалагдах мэдрэмжээ авчихсан л бол цалин ч юм уу, жижиг хөшүүргээр татах боломжгүй. 

Мөг сүүлийн үед спортын сэтгэл зүйн чиглэлээр судалгааны ажлаа эхлүүлсэн. 

  • Яагаад спортын салбар гэж. Сонирхолтой санагдаж байна?

Манай оронд л шинэ сэдэв болохоос биш дэлхий дахинд спортын салбар сэтгэл судлалын шинжлэх ухааныг үр дүнтэй ашиглаад эхэлчихсэн. Ялангуяа ганцаарчилсан спортын салбарт сэтгэл зүйн тэнцвэртэй байдлаа хадгалах асуудал маш чухал байдаг. Хэчнээн мундаг тамирчин байлаа ч сэтгэл зүйн хувьд асуудал үүсвэл амжилт нь буурдаг. Эсвэл спортоо орхидог нь ажиглагддаг. Манай тамирчид тив дэлхийд маш амжилттай явж байгаа, байнга амжилт гаргадаг. Үүнээс ч илүү амжилт гаргах нөөц байгаа. Үүнд нь харин сэтгэл судлаач хүнийхээ хувиас оруулж чадах хувь нэмэр юу байна гэдэг дээр төвлөрөөд судалгааны ажлаа эхлүүлсэн.  

Нийгмийн гишүүн бүрийн амьдралынхаа туршид үзэж туулсан сайн, саар сэтгэл хөдлөл, мэдрэмжийн илэрхийлэл нь манай нийгмийн дүр зураг уур амьсгалыг тодорхойлж байна. 

  • Сэтгэл зүй, сэтгэл судлалын талаар ярих болоход яалт ч үгүй нийгэм дэх хүмүүсийн сөрөг хандлагын тухай яриа урган гардаг. Уур бухимдал, стресс гэх мэт. Үүнийг анагааж байдаг хүмүүс бол сэтгэл зүйчид. Хүмүүсийн ийм сөрөг сэтгэл хөдлөл, хандлага ямар суурь шалтгаанаас болж бий болдог гэж та үзэж байна?

Маш өргөн хүрээний ойлголт л доо. Хамгийн товч байдлаар хариулахыг хичээе. Нийгмийн сөрөг хандлагууд, манай нийгмийг бүтээж байгаа харилцаа, стресс, бухимдал сөрөг зүйлүүд нь гадаад хүчин зүйлээс нэг их шалтгаалахгүй байна гэж судлаач хүний хувьд хараад байгаа. Бид аливаа зүйлийг өөрчлөх гээд механик талаас нь хараад байдаг. Гэтэл “Soft Skill” буюу зөөлөн ур чадварт гол асуудлууд байна. 

Юунаас эхлэх хэрэгтэй вэ гэхээр бие хүн өөрөөсөө цаашлаад гэр бүлээс эхлэх хэрэгтэй. Бүр тодруулбал, гэр төлөвлөлтөөс эхлэх хэрэгтэй. Зарим хүмүүс ямар ч төлөвлөлтгүйгээр гэр бүл болдог. Ганц манай улсад ч биш байх. Тогтолцоо нь, хүн нь, сэтгэл судлалын шинжлэх ухаан хөгжчихсөн, хүн төвтэй нийгэмтэй улсуудад арай өөр байгаа байх. Манай улсыг аваад үзвэл ямар ч бэлтгэлгүйгээр гэр бүл болдог, үр хүүхэдтэй болдог. Бие биенээ таних үе шат нь гэр бүл болохоос өмнө биш дараа нь эхэлдэг. Ингээд гэр бүл болсныхоо дараа эхнэр, нөхөр хоёр хүн бие биенээ таньж эхэлдэг. Таних явцдаа зарим нь бүтэлгүйтэж гэр бүл салдаг бол, зарим гэр бүл нь тогтвортой үргэлжлээд ойлголцоод явдаг. Гэр бүл салалтын дараах асуудал ганцхан хүннь нөлөөлдөгүй. Бүгдэд нь нөлөөлнө. Эхнэр, нөхөрийн сэтгэл зүй хямрана, хүүхдийн сэтгэл зүй хямрана гэх мэт том асуудлууд гарч эхэлдэг. Зарим нь хоёр дахь амьдралаа зохиоход хойд эцэг, хойд эх асуудал ургаж гарна. 

Бүтэн бус гэр бүлд өссөн хүүхдийн хүмүүжлийн асуудал гардаг. Зарим хариуцлагатай эцэг, эх салсан ч тийм асуудал үүсгэхгүйгээр хүүхдээ өсгөх нь бий ч ихэнх тохиолдолд хүүхдийн хүмүүжил доголддог. Хүүхдийн сэтгэл зүйн хямралаас үүдэн сөрөг зуршилтай болно. Зөвхөн гэр бүл дээр тулгуурлаад ярихад л ийм байгаа. 

Яг эндээс эхэлж нийгмийн сөрөг хандлагыг өөрчилье гэвэл гэр бүлээс л эхэлмээр байгаа юм. Өсвөр насныханд гэр бүл төлөвлөлтийн талаар, эхнэр, нөхөр, гэр бүлийн үүрэг хариуцлагын талаар мэдлэг мэдээлэл өгөх ёстой. Тэгж чадвал 25-30 настайдаа гэр бүлтэй боллоо гэхэд 40 жилийн дараа манай нийгэм сууриараа өөр төвшинд гарч ирэх боломжтой. 

Нэгэнт гэр бүл болчхоод салалтад хүрээд байгаа хосуудад үйлчлэх эвлэрүүлэн зуучлах үйлчилгээтэй болсон. Энэ эвлэрүүлэн зуучлагчдад арай илүү нээлттэй ханддаг болгомоор санагддаг. Ганцхан тухайн шүүхийн зааж өгсөн эвлэрүүлэн зуучлах төвд очдог биш сэтгэл зүйн төвүүдийг хамруулдаг болгомоор байгаа. Энэ бол миний л бодол л доо. Яагаад гэвэл тухайн хүнд сонголт байх хэрэгтэй. Магадгүй тухайн эвлэрүүлэн зуучлагч сэтгэл зүйч биш бол нарийн судалж, тухайн хосуудын үндсэн зөрчлийн шалтгааныг гаргаж ирж чадахгүй. Хэрвээ шалтгаан нь тодорхойлогдохгүй бол асуудлыг шийдэх ямар ч боломжгүй. Энэ тал дээр сэтгэл зүйн төвүүдэд нээлттэй хандах боломжийг нь олгоод өгчих хэрэгтэй. Төр хувийн хэвшлийн түншлэл хэлбэрээр зохицуулах боломж байна даа гэж хараад байна. Ингэх юм бол магадгүй мэргэжлийн судлаачаар илүү үр дүнтэйгээр эвлэрүүлэн зуучлуулж болно. 

Бүр гэр бүл салчихсан байлаа гэхэд нөхөн сэргээлт хоёуланд нь хэрэгтэй. Хэнийх нь ч буруугаас салсан байж болно. Амьдрал баян юм чинь. Эхнэр нөхөр, хүүхэд ялангуяа сэтгэл зүйчид хандаж нөхөн сэргээлт хийх ёстой. Салалтын үед авсан сөрөг мэдрэмж нь хадгалагдаж үлдээд эргээд нийгмийн харилцаанд ороход нь тэсэрч гарч ирдэг. 

Шийдэж болох гарцыг би зөвхөн гэр бүл талаас нь тайлбарлалаа. Нөгөө талаасаа мөн тайлбарууд байгаа. Аливаа зүйлд нэг тогтсон хандлагаа хандаж болохгүй. 

  • Тийм. Тэсэрч гардаг байх шүү?

Бид сэтгэл хөдлөл, мэдрэмжээ дарах үе гардаг. Тэр дарсан сэтгэл хөдлөл, мэдрэмж нь сарниж алга болдоггүй, хадгалагдаж байдаг. Таны үл ухамсарлагдахуй руу сөрөг мэдрэмж мэдээлэл чинь ороод байдаг гэсэн үг. Хэзээ нэг өдөр таны үл ухамсарлагдахуй сул байх нөхцөл бүрдэх буюу өөрийн хяналтгүй болтлоо уурлах, согтууруулах ундаа хэрэглэсэн үед хүссэн хүсээгүй дэлбэрч, тэсэрч гарч ирдэг. Тэр дарсан сөрөг сэтгэл хөдлөлөө сэтгэл зүйчтэй юм уу өөр хэн нэгэнтэй ярилцаж тайлж, гаргаж, аюулгүй болгох ёстой. 

Яагаад бухимдаж, стрестээд, сөрөг хариу үйлдлүүд гараад байна вэ гэхээр бидний амьдралын туршид хадгалагдаж бий болсон сэтгэл хөдлөл, мэдрэмж, таагүй уур амьсгал тэр бүхний илрэл, илэрхийлэл. Гэв гэнэт гараад ирсэн зүйл биш. Нийгмийн гишүүн бүрийн амьдралынхаа туршид үзэж туулсан сайн, саар сэтгэл хөдлөл, мэдрэмжийн илэрхийлэл нь манай нийгмийн дүр зураг уур амьсгалыг тодорхойлж байна. 

EQ бол өөрийнхөө сэтгэлийн хөдөлгөөнийг ойлгох, өөрийнхөө сэтгэлийн хөдөлгөөнийг удирдах, мөн бусдын сэтгэлийн хөдөлгөөнийг ойлгох, бусдын сэтгэлийн хөдөлгөөнийг удирдах гэсэн дөрвөн том чадварын цогц нь.

  • Мартагддаггүй гэж үү. Миний хувьд уур бухимдалтай, сөрөг харилцааны үед өөрийгөө дардаг. Уур бухимдлаа хурцаар илэрхийлдэг учраас тэр л дээ. Тэр нь эргээд нөгөө хүнийг гомдоочихно гэж санаа зовоод дарж орхиод, дараа нь мартчихдаг. Гэхдээ зарим цөөн тохиолдолд ер мартагдахгүй, бодогдоод, уур хүргээд байх үе байна.  Тэр үедээ нөгөө хүний маань уур бухимдал намжаад, тайвширсаны дараа заавал ярилцаж хэлдэг. Би тэр сөрөг сэтгэгдлээ мартчихлаа гэж бодоод яваад байдаг. Мартагдахгүй хадгалагдаад байдаг гэсэн үг үү?

Зарим хөнгөн уур бухимдал, хөнгөн мэдрэмж мартагдана. Зүрх сэтгэлд гүн шарх үлдээж байгаа тэр сэтгэгдэл, тэр мэдрэмжүүд арилахгүй, үл ухамсарлагдахуйд ордог гэж үздэг. 

Сэтгэлийн хөдөлгөөний оюун ухаан буюу EQ-н талаар манайд одоо л ярьж эхэлж, ойлголттой болж байна. EQ бол маш чухал чадвар. EQ бол өөрийнхөө сэтгэлийн хөдөлгөөнийг ойлгох, өөрийнхөө сэтгэлийн хөдөлгөөнийг удирдах, мөн бусдын сэтгэлийн хөдөлгөөнийг ойлгох, бусдын сэтгэлийн хөдөлгөөнийг удирдах гэсэн дөрвөн том чадварын цогц нь. Бидэнд зарим үед яг юу мэдрээд байгаагаа ойлгодоггүй үе бий. Тэр нь EQ дотор байгаа өөрийнхөө сэтгэлийн хөдөлгөөнийг удирдах гэдэг чадвар сул байгааг илэрхийлж байгаа. Яг ямар үед үнэхээр их уурладаг, ямар үед аз жаргалтай байдаг юм, сэтгэл дүүрэн байгаагаа тогтож, анхаарч үздэггүй. Гадагшаа чиглэсэн сэтгэцийн үйл их байдаг. Гэтэл бидний чиглэж анхаарах зүйл маань дотор байгаад байна. Маш олон асуултын хариулт хүний дотор өөрт нь байдаг. Бүх хариулт дотор чинь байдаг. Эхлээд өөрийнхөө сэтгэлийн хөдөлгөөний ойлгочих хэрэгтэй. 

Бусад Q чадваруудтай харьцуулбал EQ-ийн чадвар хөгжүүлж болдог онцлогтой. Сэтгэл зүйчээр EQ-н чадамжаа бага байна гэж оношлууллаа гэхэд зургаан сар, нэг жил хөгжүүлээд илүү өндөр төвшний EQ-тэй болох боломжтой. Үүгээрээ EQ чадвар давуу талтай. Өөрийнхөө сэтгэлийн хөдөлгөөний мэдрээд удирдах чадвар, тэр битгий хэл бусдын сэтгэлийн хөдөлгөөнийг ойлгоод удирдах чадвар EQ дотор байгаа. Өөрийнхийгөө ойлгохгүй, бусдыг ч ойлгож чадахгүй нийгмийн харилцаанд орж байгаа нь олон зөрчил, үл ойлголцлын шалтгаан болдог. 

Хүн бүр харилцан адилгүй. Тэгэхээр хүн бүрийн сэтгэл зүйгээ удирдах нь өөр өөр жортой гэсэн үг.

  • Хүн өөрийнхөө сэтгэл хөдлөлийг удирдана гэхээр яах ёстой вэ. Чимээтэй байгаад илэрхийлээд гаргаж байгаа нь зөв үү, аль эсвэл чимээгүй байгаад дарж байгаа нь удирдаж байгаа хэлбэр үү?

Маш чухал асуудлыг хөндлөө. Сэтгэл хөдлөлөө удирдаж сэтгэл зүйн тэнцвэрт байдлаа хадгалах нь чухал. Сэтгэл зүйн тэнцвэртэй байдлаа хадгалж чаддаг хүмүүс илүү урт хугацаанд өөрийнхөө төвшинд амжилттай амьдардаг. 

Амжилттай амьдарна гэдэг нь хэр их мөнгө олохоор хэмжигддэг асуудал биш шүү дээ. Өөрийнхөө амьдралд сэтгэл хангалуун, өөрийнхөө амьдралын хором мөчөөс аз жаргалыг мэдэрч байгаа нь аз жаргалтай амьдрал гэдэг. Тэр амжилттай амьдрал хүн болгоны хувьд харьцангуй байж болно. Зарим нь мөнгө олоод аз жаргалыг мэдэрч болно, заримд нь зүгээр л гэр бүлтэйгээ хамт байгаа нь аз жаргалыг мэдрүүлж болно. Зарим нь хүнд өвчнөө ялаад, даваад гарч байгаа нь амьдралынх нь аз жаргал байж магадгүй. 

Сэтгэл зүйн тэнцвэртэй байдлыг барьж сурна гэдэг нь ерөнхийдөө сэтгэл зүйгээ удирдах тухай ойлголт. Энэ бол маш өргөн хүрээний ойлголт учраас олон тайлбар хэрэгтэй болно. Товчоор хэлбэл, хүмүүсийн сэтгэл зүйн суурь онцлогтой холбоотой. Зарим хүмүүс сэтгэлийн үйл нь гадагшаа чиглэсэн, бусадтай харилцах дуртай, бусдад сэтгэл хөдлөл мэдрэмжээ, баярлаж байгаагаа хэлж байж сэтгэцийн үйл нь тэнцвэртэй байдаг хүмүүс байна. Зарим нь хэнтэй ч ярих шаардлагагүй, зөвхөн өөртөөгөө яриад аливаа зүйлийг ойлгож ухаараад явдаг хүмүүс байна. Хүн бүр харилцан адилгүй. Тэгэхээр хүн бүрийн сэтгэл зүйгээ удирдах нь өөр өөр жортой гэсэн үг. Яг тогтчихсон нэг жор гэж байхгүй.

  • Тэгвэл сэтгэл зүйгээ тогтвортой байлгах жороо яаж олох вэ. Өөрөө ухаж ойлгох уу эсвэл сэтгэл зүйчид хандах ёстой юу?

Сэтгэл зүйчид хандвал илүү богино хугацаанд, илүү үр дүнтэйгээр өөрийн сэтгэл зүйн онцлогийг таньж мэдээд түүндээ тохирсон аргаа олно. EQ-гээ өсгөж хөгжүүлээд өөрийнхөө сэтгэл хөдлөл мэдрэмжийг тухай бүрт нь таньж мэдээд, удирдаж чаддаг, тухайн нөхцөл байдалдаа тохируулаад сэтгэл хөдлөлөө илэрхийлэх үү үгүй юу гэдгийг шийдэж чаддаг болохын тулд сэтгэл зүйчидтэй ажиллавал илүү хурдан үр дүн гарна. 

Магадгүй өөрөө эргэцүүлээд ойлгож ухаарсан ч хүн байна. Сэтгэл судлаачид л очих хэрэгтэй гэж тулгаж зөвлөхийг хүсэхгүй байна. Хүн болгон өөр өөр ертөнцийг үзэх үзэлтэй, өөр өөр оюун санаатай учраас тулгах боломжгүй. 

Мөн амьдралын сургагч багш Life Couch-д очоод зөвлөгөө авч болно. Зөндөө арга бий. Гэхдээ шинжлэх ухааны үндэстэй, илүү найдвартай, урт хугацаандаа үр дүнг хүсэж байгаа хүмүүс мэргэжлийн сэтгэл судлаачтай ажиллавал илүү найдвартай байна гэсэн үг. 

Аливаа зүйлд сайн, муу хоёр тэнцвэртэй байж үндсэн тэнцвэрт байдал нь гарч ирдэг.

  • Сэтгэл зүйн тэнцвэртэй байдлаа хадгадхад хамгийн их саад болдог нь уур бухимдал. Уур бухимдлыг яаж дарах вэ. Уур бухимдлыг төрүүлэхгүй байх боломжтой юу?

Сэтгэлийн хөдөлгөөний оюун ухаан дотор уур зайлшгүй байр суурь эзэлдэг. Уур бол байх ёстой сэтгэл хөдлөл. Бүр байхгүй болгоно гэж байхгүй. 

Аливаа зүйлд сайн, муу хоёр тэнцвэртэй байж үндсэн тэнцвэрт байдал нь гарч ирдэг. Муу нь байхгүй, дан сайн нь байна гэдэг ойлголт ер нь байхгүй. 

Сэтгэл судлалын шинжлэх ухааны бас нэг ээдрээтэй гэх юм уу, энгийн хүмүүст бөөрөнхийлөөд байгаа юм шиг тал нь хүн болгон дээр өөр өөрөөр гарч ирдэгт байна. Уур бухимдалтай холбоотой зөвлөгөө хүн хүнээсээ шалтгаалаад өөр өөр байдаг. Тухайлбал чамд зөвлөгөө өглөө гэхэд тэр зөвлөгөө надад таарахгүй. Энэ нь хүний дахин давтагдашгүй сэтгэл зүйн онцлогтой холбоотой. Өөрт нь тогтчихсон ертөнцийг үзэх үзэлд нь тохирсон зөвлөгөө л тухайн хүнд нөлөөлнө. 

Би хүн болгон өөр дахин давтагдашгүй ертөнцтэй, дахин давтагдашгүй нөхцөл байдал үүсэж байдаг гэж үздэг учир тухайн хүнд тохирсон зөвлөгөө өгөх хандлагыг баримталдаг. 10 орчим жил сэтгэл зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. Энэ туршлагаас харахад хүмүүс сэтгэл хөдлөлөө удирдахад өөртөө тохирсон арга барилаа олохгүй бол нийтлэг зөвлөгөөг дагаснаар 100 хувь үр дүнд хүрэхгүй. Мэдээж хэрэгжүүлснээр 50 хувьд үр дүнг гаргаж болно. 

Миний өгөх зөвлөгөө бол юун түрүүнд юунаас болж уурлаж байна гэдэг сэтгэл хөдлөлөө таньж мэдэж сураасай гэж зөвлөмөөр байна. Уур бол бол сэтгэл хөдлөл. Уурлаж байхдаа өөрийгөө ажиглаж таньж мэд. Ямар нөхцөлд, хэнтэй ярилцахдаа, юунаас болж уурлаж байна гэдгийг ажиглаад сэтгэл хөдлөлөө таних хэрэгтэй. Таних явцдаа уур хүрэхэд би ямар ямар хувирал үзүүлдэг юм, нүүрний хувирал, үг хэл, биеийн хэлэмж яаж өөрчлөгдөж байгааг таниад явна гэсэн үг. Энэ бол анхан шатны зөвлөгөө.

Хүний уур бухимдал нь нийгмийг стрестүүлж байгаа нэг хүчин зүйл нь. Хамгийн гол нь өөрийн сэтгэл зүйн боловсролын талаарх мэдлэгээ дээшлүүлж чадах юм бол уур байтугай олон зүйлийг удирдах боломжтой болно. 

  • Сэтгэл судлалын талаар цэгцтэй тайлбар өгсөнд баярлалаа. Сэтгэл зүйч хүний тухай товч яривал?

Сэтгэл судлалын шинжлэх ухаан нь нэг сэтгэл судлаач тайлбарлаад  бархааргүй гайхамшигтай шинжлэх ухаан. 

Сэтгэл судлалын шинжлэх ухааныг нийгэмд энгийн ойлголтыг үр дүнтэй хүргэхэд хамтарч ажиллаж байж тайлбарлахад дөхөх болов уу. Өргөн хүрээний асуудлыг товч байдлаар тайлбарлахыг хичээлээ. Сэтгэл зүйн асуудал манай нийгэмд маш чухал, эмзэг асуудал. 

Сэтгэл судлалын шинжлэх ухааныг ашиглаад бие хүмүүсийн сэтгэл зүйн асуудлыг шийдвэрлэхэд нь тусалдаг мэргэжилтнүүд гэж ойлгох хэрэгтэй. Ямар ч байдлаар шийдвэрлэж болно. Шийдвэрийг тухайн бие хүн өөрөө гаргана. Шийдвэр гаргахад нь маш олон хувилбаруудыг сэтгэл зүйч харуулж өгдөг. Магадгүй сөрөг үр дагаварт хүрэх сонголтыг нь илүү сайн ойлгуулж ухааруулж өгдөг тэр мэргэжилтэн бол сэтгэл судлаач. 

Сэтгэл зүйн зөвлөгөөний үйл явц бол маш урт хугацааны үйл ажиллагаа байдаг. Дийлэнх хүмүүс нэг удаа ирээд сэтгэл зүйн асуудал нь шийдэгдчих юм шиг хүлээлттэй байдаг. Жишээлбэл өсвөр насны хүүхэдтэй ажиллалаа гэж бодоход хамгийн багадаа гурван сарыг зарцуулж байж тухайн асуудлын гарцыг хүүхэд маань олж хараад шийдвэрээ гаргах жишээтэй. Насанд хүрэгчидтэй ажиллахад түүнээс урт хугацааг зарцуулах шаардлагатай болдог.

Сэтгэл судлаачийн хувьд эклектик хандлагад суурилж ажилладаг. Тогтсон нэг онол дээр суурилж зөвлөгөө болон сургалтуудаа хийдэггүй.

  • Хоёулаа яриагаа таны ажилдаа ямар баримталдаг арга барил, зарчмын талаар үргэлжлүүлье?

Мэргэжлийн онцлог болон, ажиллах асуудлаас шалтгаалаад сэтгэл зүйчдийг уян хатан байхыг шаарддаг. 

Ажиллаж байгаа байгууллага, хувь хүнтэйгээ цагийн төлөвлөгөө гаргаж түүнийхээ дагуу ажилладаг. Өдөр бүр өөр өөр, олон хүн болон байгууллагатай харьцаж байдаг учраас цаг баримтлах нь миний хувьд маш чухал. Цагаа нарийн төлөвлөхийг хичээдэг. 

Сэтгэл судлаачийн хувьд эклектик хандлагад суурилж ажилладаг. Тогтсон нэг онол дээр суурилж зөвлөгөө болон сургалтуудаа хийдэггүй. Тухайн нөхцөл байдал, тухайн байгууллагын санал хүсэлт, хэрэгцээ нь юу байна түүнд тулгуурлан олон ургалч үзлээр сэтгэл судлалын бүх салбар онолуудаас тохирсныг нь түүж ашиглаж, тухайн хүн дээр ажилладаг. 

Нөгөө талдаа ганцхан сургалтаар дагнахыг хүсдэггүй. Зөвлөгөө, сургалт, байгууллагын сэтгэл зүйн менежментийн асуудал аль алийг нь тэнцвэртэй байлгахыг хичээж ажилладаг. Сэтгэл судлаач бүр өөр өөрийн мэргэшсэн арга барилтай. Зарим нь шинжлэх ухааны судалгаан дээр төвлөрдөг бол зарим нь зөвхөн зөвлөгөөн дээр төвлөрч ажилладаг. Зарим нь сургалтаар дагнадаг. Миний хувьд сургалтаа ч зөвлөгөөгөө ч зэрэг аваад явахыг хичээж байна. 

  • Яг одоо ямар ажил дээр төвлөрч ажиллаж байна.

Яг одоо нэгэн хувийн сургуулийн сэтгэл зүйн үйлчилгээн дээр төвлөрч ажиллаж байна. Сургуулийн сэтгэл зүйн салбар манайд шинэ салбар. Сургууль бүр сэтгэл судлаачтай болох хууль эрх зүйн орчин бүрэлдэж эхэлж байгаа ч бүх сургууль сэтгэл судлаачтай болж амжаагүй байна. Манай сургуулийг үүсгэн байгуулагч нар маш мэдрэмжтэй байж сэтгэл судлаачтай болж буй анхны сургуулиудын нэг болсон. Сургуулийн сэтгэл судлаачийн ажлын байрны тодорхойлолт, үйл ажиллагааны хөтөлбөр, ёс зүйн хэм хэмжээ гээд бүх зүйл шинэ байсан учраас эдгээрийг гадны эх сурвалж, туршлагыг судалж үзээд тодорхойлж гаргаж ирлээ. Сургуулийн сэтгэл судлалын хэрэгцээ их байна. Цөөхөн сургууль сэтгэл судлаачтай байна. Энэ маань сэтгэл зүйн хэрэгцээ байгаа хүүхдүүдэд хүрэх боломжгүй байгаа тул сэтгэл судлаачид маань энэ салбар руу орж хөгжүүлээсэй гэж хүсч байна.

  • Ярилсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.   

Ярилцсан: Б.Нямзул

http://credit-n.ru http://credit-n.ru/offers-zaim/ezaem-zaim-online-za-15-minut.html http://credit-n.ru/offers-zaim/dozarplati-srochnye-zaimi-online.html
Холбоотой мэдээлэл

Comments are closed.