Ихэнх эмэгтэйчүүд бороотой болзоог мөрөөддөг

Автобусны арын суудалд хүнгүй, бас сэрүүхэн. Цонхны цаана бороо орж, наана нь би гуниглангуй ширтэнэ. Өнөөдөр хайртай хүн маань надад үгүй гэж хэлсэн. Тэр үгийг сонсоод байрных нь гадаанаас юуг ч юм санаашрангуй бодож өнөөхөө ч ойлгохгүй буцаж алхахдаа замд таарсан нэгэн автобусанд суучихсан юм. Одоо хаашаа явж байгааг нь кондуктор, хамгийн урд талийн эгнээнд суух бүсгүй хоёр л мэдэж байгаа байх.

-Эгч ээ энэ автобус солонго руу явж байгаа юм уу? гэж өнөөх бүсгүй лавласнаа хажуудах цонх руугаа харлаа.

Хар богинохон үс нь түрүүнээс хойш шивэрсэн бороонд норчихсон, цантсан цонхон дээр солонго зурах гар нь даарчихсан чичирч байв. Бороо тэр хоёр ямар гунигтай харагдана вэ. Эсвэл миний хаягдсан зүрх бүгдийг ингэж саарал болгож хараад байна уу даа.

Гадаах бороо улам ширүүсч байлаа. Автобусны хурд ч улам нэмэгдэж тэнгэрт хөөрөх шиг санагдах юм. Кондуктор эгч ч харагдах аа больчихлоо. Ингэхэд яагаад зогсоолууд дээрээ зогсох оо боличихов оо гэсэн бодол гэнэт зурсхийв. Гайхсан нүдээрээ цонхоор харвал үнэхээр тэнгэр лүү хөөрч байлаа. Уул, тал улам жижгэрч өтгөн манан ч юмуу үүлс дунд ороод явчхав. Салхины чимээ илүү хүчтэйгээр шуугин мэдрэгдэж, борооны дусал автобусны гадаргыг бүр хүчтэй цохино. Би сандрангуй бууж уначихгүйн тулд хоёр гараараа сандалнуудаас тас зуурч гуйвсаар өнөөх бүсгүйн дэргэд ирлээ.

-Сайн уу, энэ автоб…

-Солонго руу явж байна. Одоо удахгүй юм шиг байна.

-Гэхдээ би… нөгөө, юу?

Тэр бүсгүй над руу зүгээр л инээмсэглэлээ. Норсон үс ингэж сайхан зохьдог хүн бас байдаг аа… Удалгүй цонхны завсар хүчтэйгээр шуугиж байсан салхи алга болж, бороо зогсохтой зэрэгцэн автобусны дохио ч дуугарч зогслоо. Нээгдсэн хаалганы цаана гэрэлтэж солонгорсон туяа үргэлжлэнэ. Бүсгүй түүн дээр түрүүлж гараад цааш алхангаа гайхаж орхисон намайг даллах нь харагдлаа.

Тэндээс ертөнц тэр чигтээ харагдах ажээ. Хэдэн мянган ертөнц, хэдэн мянган амьдрал, хэдэн мянган хайр сэтгэл. Харж байна уу?, хэчнээн мянган зүрх, хүсэл, сонирхол байгааг гээд бүсгүй надруу инээмсэглэлээ.

Сэрээрэй, сэрээрэй эцсийн буудал дээрээ ирчлээ гэж жолооч ахыг хэлэхэд ямар их харамссанаа хэлж ч чадахгүй нь. Гэхдээ л ийм сайхан зүүд зүүдэлсэндээ нууцхан догдолно. Гадаа хэзээний бороо зогсчихжээ. Түүнтэй зэрэгцээд сэтгэл цэлмэчихсэн ч юм шиг.

Гадаа борооны дараах чийг үнэртэж, анир чимээгүй байлаа. Урьд нь хүнд үнэхээр дурлаж байсан билүү гэсэн бодол орж ирэхэд хэдэн жилийн өмнө хэсэг хугацаанд хамт амьдраад хоёр тийш болсон хүнээ дурсаад гэрийн биш хаашаа ч юм өөр тийш алхлаа.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.