Д.Нямхүү: Эмчилгээ хийлгэж байгаа 26 хүний биеийн байдал хүндэвтэр гэж үнэлэгдлээ

ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө.

Тэрбээр“Өчигдөр гурван лабораторид нийт 109 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Үүнийг задалж хэлбэл, ажиглах байранд тусгаарлагдсан 6 хүний давтан шинжилгээ, Дорноговь аймгийн Ханги боомтод байгаа 57 тээврийн жолооч, тандалтын зорилгоор цуглуулсан 17 сорьц, Алтанбулаг боомтоор орж ирсэн 29 жолоочид хийсэн шинжилгээнд коронавирус илрээгүй.

Нийт 140 тохиолдол бүртгэгдсэн байгаагаас 26 хүн эмчлэгдэж, дараагийн ажиглалт руу шилжсэн. Одоо ХӨСҮТ-д 114 хүн эмчлэгдэж байна. Эмчилгээ хийлгэж байгаа иргэдийн 88 нь биеийн байдал хөнгөн, 26 нь хүндэвтэр гэж үнэлэгдлээ.

Мөн 68 хүн ХӨСҮТ-д ажиглалтад байгаа. Тэдний 47 нь энэ сарын 24-ны өдөр  гэхэд гарна. Үлдсэн хүмүүс ойрын өдрүүдэд ажиглалтаас гарч, эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс л үлдэхээр байна” гэсэн мэдээллийг өглөө.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.