Энэтхэг улс хөл хориогоо дахин хоёр долоо хоногоор сунгалаа

Энэтхэг улсад цар тахал сүүлийн үеүүдэд нэлээд газар аваад байгаа бөгөөд тус улсын засгийн газраас халдварын тархалтыг зогсоохын тулд гаргасан хөл хориогоо дахин хоёр долоо хоногоор сунгахаар болжээ.

Гуравдугаар сарын 24-нээс Энэтхэгт сургууль, нийтийн тээвэр болон ихэнх аж ахуй нэгжүүдийг хаагаад байгаа билээ. Тус улсад одоогийн байдлаар нийт 90 мянга гаруй халдварын тохиолдол бүртгэгдээд байгаагаас 2896 хүн нас барсан байна. Энэ удаагийн хөл хорионы сунгалтад бага зэргийн өөрчлөлт орсон нь хүргэлтийн хоолны үйлчилгээ явуулахыг зөвшөөрснөөс гадна үзэгчгүй спорт тоглолтууд зохион байгуулахыг хориглоогүй байна. Түүнчлэн хөл хорио тогтоосноос хойш анх удаа иргэдийг хувийн машинаараа хот дотор болон хот хооронд зорчихыг зөвшөөрчээ. Харин муж дамжин явах бол тусгай зөвшөөрлийн хуудас авсан байх ёстой гэсэн шалгуур тавьж байгаа юм байна.

Энэтхэгийн засгийн газраас мужийн эрх баригчиддаа өөрсдийн бүс нутагт хөл хориог сунгах болон сулруулах эрхийг өгсөн болов ч халдварын тархалт өндөр байгаа газруудад хөл хорионы дэгийг засгийн газраас шууд удирдан зохицуулна гэж мэдэгдсэн байна. Энэ удаагийн хөл хорионы өөрчлөлтөөс өмнө Энэтхэгийн засгийн газраас хөдөө аж ахуй болон энэ салбартай холбоотой бизнесүүдийн үйл ажиллагааг эхлүүлсэн билээ.Түүнчлэн хувиараа ажил эрхэлдэг сантехникч, цахилгаанчин, мужаан зэрэг мэргэжлийн хүмүүсийг үргэлжлүүлэн ажиллах зөвшөөрөл өгчээ. Халдварын тоон үзүүлэлтээс шалтгаалан Энэтхэг улс тэр чигтээ улбар шар, ногоон, улаан гэсэн 3 бүсэд хуваагдаад байгаа бөгөөд зөвхөн халдварын тоо бага байгаа хэсгүүдэд хөл хориог аажмаар сулруулж байгаа юм байна. Түүнчлэн цар тахалтай холбоотойгоор тус улс ихээхэн хэмжээний эдийн засгийн хохирол амсаж нийт ажилгүйдлийн тоо 120 сая давжээ. Ажилгүй болж санхүүгийн хүнд байдалд орсон олон цагаач ажилчид нийтийн тээврийн хөдөлгөөн зогссоноос болж гэрлүүгээ явган алхацгааж эхэлжээ.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.