Дэйв Восен: Бизнесийн үйл ажиллагааг хэвийн горимд оруулахын төлөө Монголын талтай идэвхтэй хамтран ажиллана

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол дахь Австралийн Худалдааны танхимаас зохион байгуулсан цахим хуралд оролцож, “COVID-19 цар тахлын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтад үзүүлж буй нөлөө” сэдвээр ярилцлаа.

Онлайн уулзалтад Австрали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Дэйв Восен, Монгол дахь Австралийн Худалдааны танхимын Ерөнхийлөгч Майкл Маршалл болон тус танхимын гишүүн 40 орчим гишүүн оролцов.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар цар тахлын улмаас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжил, гадаад худалдаанд учирч буй сөрөг үр дагаврыг бууруулах,  эдийн засгийг сэргээх чиглэлээр УИХ, Засгийн газраас болон ГХЯ-ны хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулав. Тэрбээр цар тахлын үед шуурхай, үр дүнтэй хариу арга хэмжээ авах боломжийг бүрдүүлэх үүднээс “Эмнэлгийн шуурхай хариу арга хэмжээний нэгж” байгуулах саналыг бүс нутгийн орнуудад дэвшүүлэн ажиллаж буй болон худалдаа, эдийн засгийн үйл ажиллагааг аль болох хэвийн явуулахын тулд хөл хорионы шинэ тогтолцоог бий болгох, тухайлбал “Хөдөлгөөнт карантин” гэсэн ойлголтыг нэвтрүүлэх санал гаргаснаа танилцуулав.

Австралийн Элчин сайд Дэйв Восен, Монгол дахь Австралийн Худалдааны танхимын Ерөнхийлөгч Майкл Маршалл нар Монгол Улсын төр, засгийн  авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааг өндрөөр үнэлж буйгаа тэмдэглэж, цаашид бизнесийн үйл ажиллагааг хэвийн горимд оруулахын төлөө монголын талтай идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.