Ном унших цагийг өөртөө хэрхэн бий болгох вэ?

Ном унших цаг гаргахыг хүсэж байгаа завгүй хүмүүс анхаарлаа хандуулаарай.

Унших номын жагсаалт гарга – “Ном уншина даа, ном унших юмсан” гэж боддог хэрнээ яг ямар ном унших чинь тодорхойгүй байдаг юм биш биз? Хэрэв тийм бол яг одоо тэмдэглэлийн дэвтэр, үзгээ гаргаад унших хүсэлтэй байгаа номуудынхаа жагсаалтыг бичээрэй. Дэс дараалалд оруулах нь зав гарангуут бүрээ “шүүрч аван” уншихад амар болгоход тустайгаас гадна ямар ном унших хүсэлтэй, ямар төрлийнхөд нь илүү сонирхолтойгоо олж харахад энэ жагсаалт хэрэг болно. Мөн зарим хүмүүс өвөл, намар, зун, хавар уншихад тохиромжтойгоор нь ангилдаг. Чамд ч бас ингэж ангилмаар санагддаг байж болох юм. Сэтгэл зүрх, мэдрэмжээ дагаж унших бас гоё шүү дээ. Олон ном зэрэг уншиж ч болно. Дунд нь алийг нь унших вэ? гэж цаг алдалгүй төлөвлөсөн номоо шууд барьж аваад унших зорилготой юм. Оролдоод үзээрэй.

Гарт ойрхон, нүдэнд үзэгдэх газарт байрлуул – Гэрийнхээ аль хэсгүүдэд хамгийн их зочилдог вэ? Тэр газрууддаа номоо байрлуул. Гэхдээ энэ тохиолдолд аль ч хэсгээс нь нээгээд уншихад хамгийн тохиромжтой, хөнгөн төрлийн ном байвал зүгээр. Гал тогооны ширээ, гоо сайхны тавиур, том өрөөний буйдангийн дэргэдэх жижиг шүүгээ ч байж болно. Зарим айлууд ариун цэврийн өрөөндөө зориуд олон ном тавьсан ч байдаг. Танд ямар л илүү цаг гарна, тэр үедээ дуртай номоо гарчиглаад байх боломжийг энэ арга олгох болно оо.

Цүнхэндээ жижиг оврын ном авч яв – Банкинд оочерлох, урт дарааллын ард зогсох, эмнэлэгийн дугаараа хүлээх, замын түгжрэл хэт их саатах зэрэг бидэнд яаж ч болдоггүй илүүдэл цаг олон гардаг. Энэ үед “нэг ном аваад гарахгүй яавдаа!” гэж халаглах үе цөөнгүй. Хэрэв ийм тохиолдол чамд гэнэтхэн үүсчихээд байдаг бол жин, овор хэмжээ багатай номыг цүнхэлж явахыг зөвлөж байна. Орхиод явчихаж болдоггүй, хэн нэгэнд найдаад үлдээчихэж болдоггүй тийм цагийг завгүй та ухаалгаар ашиглаад аваарай.

Өглөө эсвэл оройд тодорхой цагийг гаргаж хэвш – “Зав гаргахаар” гэж маш олон номыг уншихаа хойшлуулсаар л байна уу? Гэхдээ зав гарах үе хэзээ ч ирэхгүй гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна. Ингэж цаг зав хүлээхийн оронд “өдөр бүр 30 минут ном уншина” гэсэн бодит зорилтыг өөртөө тавиарай. Бага багаар хийгээд л байх нь огт хийхгүй байгаагаас ч хэд дахин дээр зүйл юм шүү. Жилд 52 ном буюу 7 хоногт 1 ном унших зорилго тавьж хэрэгжүүлсэн найз маань “хүүхдээ харах, ажлаа хийхийн хажуугаар багадаа 30 минут өдөр бүрийг ном уншихад зарцуулахаар шийдсэн” гэж нэг удаа хэлж байсан юм. Үүнийг боломжтой ч гэдгийг “нэг жилд 52 ном” унших сорилоороо өөртөө баталчихсан. Та ч гэсэн өдөр тутмын ажлын төлөвлөгөөндөө “Ном уншихад өдөрт багадаа 30 минутыг зарцуулна” гэдэг хуваарь нэмээрэй. Мөн дээр дурдсан 3 алхам ч бага багаар чухал дадлыг бий болгоход тусална шүү.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.