Өлгий хотыг тойрон гарах 18.8 км зам, гүүрийн барилгын ажлын нээлт боллоо

Баян-Өлгий аймгийн төв Өлгий хотыг тойрон гарах 18.8 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын нээлт болж, үйл ажиллагаанд Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, УИХ-ын гишүүн Г.Солтан, Зам, тээврийн хөгжлийн Дэд сайд Л.Халтар, Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан зэрэг албаны хүмүүс, орон нутгийн иргэд оролцлоо.

Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй Өлгий хотыг тойрон өнгөрөх 18.8 км авто замын ажлыг 3 багц гэрээгээр гүйцэтгэх юм.

Зам, тээврийн хөгжлийн яам, гүйцэтгэгч “Эйч Кэ Би Интернейшнл Холдинг” ХХК, “Хотгор Зам” ХХК-тай 2020 оны 3 дугаар сард гэрээ байгуулсан бөгөөд гэрээ ёсоор Багц-1: 6.76 км авто зам, Багц-2: 201.08 у/м төмөр бетон гүүр, 260 м зам, Багц-3: 11.8 км авто замыг барьж 2020 онд дуусгахаар төлөвлөжээ.

Монгол Улсын баруун бүсийн босоо тэнхлэгийн гол авто зам нь БНХАУ-тай хил залгаа Ярантын хилийн боомтоос ОХУ-тай хил залгаа Улаанбайшинтын боомт хүртэл 745.8 км урттай. Өлгий хотыг тойрон гарах энэхүү авто зам нь Ховд, Баян-Өлгий аймгаар дайран БНХАУ-ын Шинжаань бүс нутаг, ОХУ-ын Сибирийн бүстэй холбох Азийн авто замын АН-4, CAREC-ийн коридор 4“а” чиглэлийн нэг хэсэг гэдгээрээ чухал ач холбогдолтой юм.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.