“KING TUG” Н.Төгсцогт энэ жил 2-3 тулаан хийх зорилготой

Өнгөрөгч хоёрдугаар сард мэргэжлийн боксын WBC холбооны 57,2 кг-ийн жинд дэлхийн аваргын бүсийн төлөө тулаанд АНУ-ын тамирчин , дэлхийн аварга Гэри Рассельд оноогоор ялагдан , мэргэжлийн боксын рингэнд анхны ялагдлаа амссан “ King Tug” Нямбаярын Төгсцогт маань Лас Вегаст гэрээрээ хувийн бэлтгэлээ базаасаар л байна.

Цар тахлын хорио тавигдмагц өөрийн дасгалжуулагч , Кубын нэрт мэргэжилтэн Исмаэль Саласын удирдлага доор эрчимтэй бэлтгэлээ эхлэх бөгөөд энэ жилдээ 2-3 тулаан хийх зорилготой байгаа ажээ.
Өнгөрсөн 12 дугаар сараас эхлэн Төгсцогтын бэлтгэлийг удирдаж буй И.Салас бол Олимпийн дөрөв, Дэлхийн 19 аваргыг гар дээрээсээ төрүүлсэн, 120 гаруй цол, бүсний төлөө тулаанд рингэнд шавиа авч гарсан нэртэй дасгалжуулагч билээ.
Н.Төгсцогт маань одоо WBC холбооны чансаанд жиндээ гуравдугаарт бичигдэж байгаа юм. Түүний жинд чансааг АНУ-ын Жесси Магдалено ( 26 тулаан, 25 ялалт, 18 КО, 1ялагдал) тэргүүлж буй бөгөөд хоёрдугаарт Их Британий боксчин “Kid Galahad” хочит Абдур Бэри Авад ( 28 тулаан, 27 ялалт, 16 КО, 1ялагдал) бичигдэж байна.

Ц.Энхтүвшин , “Таван цагариг”

Холбоотой мэдээлэл

Comments are closed.