Нэгдсэн Үндэстний байгууллага цахим сургалтад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин зохицуулагч Тапан Мишра болон НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Алекс Хайкенс нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд сайд Ё.Баатарбилэг тус яамнаас донор байгууллагуудын оролцоо, дэмжлэгээр “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн орчинд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх бэлэн байдал, хариу арга хэмжээний төлөвлөгөө”-г боловсруулан баталсныг онцлоод, энэхүү төлөвлөгөөг боловсруулахад НҮБ-ын Хүүхдийн сан идэвх зүтгэл гарган ажилласанд талархал илэрхийллээ.

Ноён Тапан Мишра, “КОВИД 19 цар тахлын үед боловсролын үйлчилгээг орхигдуулалгүй теле хичээл байдлаар амжилттай зохион байгуулж байгааг бид харж байна. Онцгой нөхцөл байдалд Монгол Улсад санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломж бүрдсэн. Энэ хөрөнгө оруулалтын тодорхой хэсгийг цахим сургалтын чанар, хүртээмжийг сайжруулахад зориулах боломжтой тухай мэдээллийг өглөө.

Бэлэн байдал, хариу арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд багш нараа бэлтгэх, чадавхжуулах, сургалтын үйл ажиллагааг хүртээмжтэй зохион байгуулж хичээлийн хоцрогдол гаргахгүй байх нь чухал болохыг талууд онцоллоо.

Цахим сургалтын бодлого, эрх зүйн орчныг бүрдүүлэх, агуулга, арга зүй, үнэлгээг сайжруулах, систем, техник технологийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэхэд талууд хамтран ажиллахаар боллоо.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, дэлхий нийтийн өмнө тулгарсан том сорилт, хүнд нөхцөл байдлын үед дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлээд өөрийн орны онцлогт тохирсон боловсролын тэгш, хүртээмжтэй, тасралтгүй үйлчилгээг хүргэхэд анхаарч, хичээн ажиллах болно гэлээ.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.