Хил зөрчигчдийн гарт амиа алдсан цэргүүдийн түүхээр “Хэлгүй жим” кино бүтээжээ

Монголд Улсын баатар Л.Даваадоржийн нэрэмжит хилийн цэргийн 0257 дугаар анги, “Этик”  продакшинтай хамтран “Хэлгүй жим” уран сайхны кино бүтээсэн байна.

Уг кинонд гарах үйл явдал нь Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэн үед улс орны эдийн засаг, ард иргэдийн амьдрал хүндэрсэн цаг үеийг харуулжээ.

Тухайн цаг үед Монгол Улсын хойд хилд цагийн байдал ихээхэн хүнд байсан бөгөөд тухайн үед Хөвсгөл аймагтай хил залгаа оршин суух ОХУ-ын Буриад зоны амьдрал ч хүнд хэцүү байжээ. Үүнтэй холбоотойгоор буриадууд хил зөрчиж, хулгайн ан хийх, байгалийн баялаг хууль бусаар ашиглахыг санаархаж, удаа дараа улсын хил зөрчсөн байна.

Энэ үед хилийн цэргийн 0257 дугаар ангийн дугаар салбарт алба хааж байсан ахлах дэслэгч Д.Цоодол, ахлагч Я.Баяраа, Х.Нямдорж нар улсын хил хамгаалах тушаал авч, үүрэг гүйцэтгэж байх үедээ хил зөрчигчдийг саатуулсан ч хүч давуу этгээдүүдтэй таарч амь насаа алдсан бодит үйл явдлаас энэхүү киног сэдэвлэжээ.

Өргөсөн тангарагтаа үнэнчээр үүргээ гүйцэтгэсэн хилчдийнхээ гэгээн дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор уг киног Хилийн 0257 дугаар ангийн дарга, хошууч Н.Отгонжаргал санаачлан бүтээжээ.

Киноны гол дүрд гавьяат жүжигчин Ц.Төмөрхуяг, соёлын тэргүүний ажилтан А.Энхжин, М.Дорждагва, Х.Хосбаяр болон залуу жүжигчин Г.Даваазул, П.Пүрэвжаргал нар тоглосон байна.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.