Эртэч нэгэн болсноор голч дүн нэмэгдэнэ

“Өглөөний гайхамшиг оюутан” намайг өөрчилсөн-
Өглөө эрт сэрж чадахгүй байна уу. Энэ бүхэн заримдаа ядаргаатай, там мэт санагдаж байна уу. Эсвэл сэрсэн даруйдаа босчих сэтгэлийн тэнхээ дутаж байна уу. Ер нь өглөө эрт босох гэж “иргэний дайн”-ы шахуу юм болж байна уу. Үр дүнд нь тавтай уусан өглөөний цай ч үгүй, яарсан, сандарсан хүн ажил болон сургуулийнхаа зүг санд мэнд гарч байна уу. Заримдаа өглөө унтсанаасаа болоод эхний цагаасаа хоцорч, багшийн хараанд өртөөд байна уу.
Өглөөг ингэж тэвдэж, сандарч угтсанаар бүх л өдөржин уур уцаартай, сэтгэлийн дарамттай явахад хүргэдэг. Эндээс л санаа зовнил бий болж, урам зориг, өнөө хийж бүтээх гэсэн ирмүүн чин хүсэл эрмэлзэл унтарч, бөхдөг. Тэгвэл энэ унтаа, уруу байдлаа засах өөрчлөлт хийхэд бэлэн үү. Бид амьдралдаа эзэн болохыг хүсдэг ч гэрийн даалгавраа хийхээс залхуурч, бие даалтаа өөрөөсөө хүртэл түлхдэг. Тэгээд цаг хугацаа нь дөхөөд ирэхээр “Ухаарлын долоо хоног” эхэлчихлээ гэж учир зүггүй самгарддаг. Аль эрт хийчих боломж, цаг хугацаа нь байсан атал алгуурлаж явсаар энэ хүрдэг. Манай оюутнуудын дунд түгээмэл нийтлэг үзэгдлийн нэг нь энэ. Хоёр дахь нь, хичээл таслалт. Тэдний дийлэнх нь эхний цагаа “бялах” нь зуршил мэт тогтжээ.
Өглөөг хэрхэн эхлүүлэх нь тухайн өдрийн өнгийг тодорхойлдог. Иймээс өдрийг зорилготой, сахилга баттай, урам зоригтой эхлүүлэх нь хамаг л амжилтын эх үндэс нь болж байна. Хичээлээ тасалсан оюутнуудын ихэнх нь тухайн өдрийг дарамттай эхлүүлдэг гэвэл хилсдэхгүй байх. Учир нь юу гэвэл тэдний олонх нь сэрүүлгээ байнга хойшлуулж, шөнийн амьдралтай болсон нь өглөөг зүдэргээтэй угтахад хүргэдэг байна. Эндээс л эхний цагаа таслах, улмаар сурлагын амжилт уруудах ээлжит шалтгаан урган гараад буй юм.
Оюутнуудын дунд өөрсдийгөө эртэч нэгэн биш гэдэгт эвлэрсэн, энэ байдалдаа итгэдэг төдийгүй залхуурах хандлага эртнээс хэвшсэн нь нийтлэг байна. Хичээлдээ хэрхэн хандахаас ирээдүйн ажил, амьдралдаа бас хариуцлагатай, сахилга баттай байх эсэх нь мөн шалтгаална. Хамгийн наад зах нь цаг барих. Энэ болгоныг өөрийн амьдралаар давтах бус, өөрчлөлтийг өөрөөсөө оюутан хүн бүр эхлүүлэх шаардлага өнөө цагт асар их байна.
Холбоотой мэдээлэл

Comments are closed.