Авлигатай тэмцэх газраас Зам тээврийн хөгжлийн сайдад зөвлөмж хүргүүллээ

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг автомашины улсын дугаар олголт, бүртгэлийн үйл ажиллагаа, авлигын гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгах чиглэлээр зохион байгуулсан арга хэмжээтэй газар дээр нь танилцах зорилгоор Зам, тээврийн хөгжлийн яам, Авто тээврийн үндэсний төвд ажиллав. Уг асуудлаар зохион байгуулсан арга хэмжээ, тэдгээрийн хэрэгжилт хангалтгүй, зарим зөрчил шинээр нэмж тогтоогдсон тул авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр дор дурдсан зөвлөмжийг Зам тээврийн хөгжлийн сайдад 2020 оны гуравдугаар сарын 25-ны өдөр хүргүүлэв. Үүнд:

  • Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-д автотээврийн хэрэгслийн улсын дугаарыг өөр авто машинд шилжүүлэх эсэх асуудлыг нарийвчлан зохицуулах;
  • Эрх бүхий албан тушаалтан өөрт олгогдсон эрх хэмжээг хэтрүүлэн “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-д тусгасан хуулиас давсан зохицуулалтыг хүчингүй болгох, асуудлыг хуульд тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэх;
  • Автотээврийн хэрэгслийн бүртгэлийн программийг шинэчлэн сайжруулах, нэвтрэх өөрчлөх эрхийг нэг газарт төвлөрүүлэн, мэдээллийг нэгтгэн харах, дүн шинжилгээ хийх боломжийг бүрдүүлэх, журам зөрчиж авто тээврийн хэрэгслийн дугаар шилжүүлэх үйлдлийг цахим шийдлийн тусламжтайгаар таслан зогсоох арга хэмжээг авах;
  • Автотээврийн хэрэгслийн улсын дугаар хэвлэх үнийг үндэслэлгүйгээр нэмсэн асуудлыг судлан үзэж, хэвлэх үйлдвэртэй байгуулсан гэрээний хэрэгжилтэд тухай бүр хяналт тавьж ажиллах;

 Албан бус шийдвэр гарган зохиомол хүнд суртал үүсгэж байгааг таслан зогсоож, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор Автотээврийн үндэсний төвийн салбар нэгжүүдэд ажлын байрны зураглал хийх, үйл ажиллагааны процесст тулгарч буй асуудлуудыг судлан холбогдох арга хэмжээг авах гэх мэт бодитой ажлууд хийх зэрэг болно.

Эх сурвалж: Авлигатай тэмцэх газар

Холбоотой мэдээлэл

Comments are closed.