“Токио-2020” олимпийн наадам хойшлогдлоо

Энэ сарын 24-ны өдөр Олон улсын олимпийн хорооны Ерөнхийлөгч Томас Бах болон Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар цахимаар холбогдож, “Токио-2020” Олимпийн наадмыг 2021 онд зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүргэсэн “ковид-19” цар тахлын нөхцөл байдлыг харгалзан үзэж тус шийдвэрийг гаргасан бөгөөд ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөл баталгаажуулсан байна.

Зуны XXXII Олимпийн наадам 2021 онд зохион байгуулагдахаар хойшилсон ч албан ёсны нэршлийг “Токио-2020” нэрээр хэвээр үлдээхээр тогтжээ. Мөн Олимпийн бамбарыг Япон улсад хадгалах аж.

Уг асуудалтай холбогдуулан Монголын Үндэсний  Олимпийн хорооноос мэдэгдэл гаргалаа

МЭДЭГДЭЛ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгч буй шинэ короновирус буюу “Covid 19”ийн халдварын тархалт болон дэлхий дахинд үүсээд буй аюултай нөхцөл байдлыг харгалзан үзэж Олимпийн хөдөлгөөнд оролцож буй бүх талууд тэр дундаа шилдэг тамирчдын эрүүл мэндийг хамгаалах асуудлыг нэн тэргүүнд тавих зайлшгүй шаардлагын хүрээнд Олон улсын олимпийн хороо болон “Токио-2020” зуны олимпийн наадмыг зохион байгуулах хорооноос 2020 оны 7 дугаар сарын 24-нд нээлтээ хийх байсан олимпийн наадмыг 2021 оны зунаас хэтрүүлэлгүй зохион байгуулах хүндхэн шийдвэрийг 2020 оны 3 дугаар сарын 24-ны өдөр гаргалаа.

Энэхүү хамтарсан шийдвэрийг ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөл баталгаажуулсан бөгөөд Үндэсний олимпийн хороодын холбоо /ANOC/, Азийн олимпийн зөвлөл /OCA/ , Олон улсын спорт холбоод, улс орнуудын Үндэсний олимпийн хороодын хамтаар Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/ мөн дэмжиж байгаагаа илэрхийлж байна.

МҮОХ нь цаг үеийн асуудлаар ОУОХ, “Токио 2020” олимпийн наадмыг Зохион байгуулах хороотой нягт хамтран ажиллаж байгаа бөгөөд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдон гарах асуудлууд болох олимпийн эрх олгох журмын өөрчлөлт, тэмцээнүүдийн хуваарь зэрэг мэдээллийг та бүхэнд цаг алдалгүй хүргэх болно.

Олимпийн их гэр бүлийн гишүүд, тамирчид, дасгалжуулагчид, ард иргэд та бүхэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Эрүүл мэндийн яамнаас өгч буй заавар зөвлөмжийг биелүүлж, өөрсдийн нөхцөл байдалдаа тохируулан спортоор хичээллэхийг уриалж байна.

http://credit-n.ru/informacija.html
Холбоотой мэдээлэл

Comments are closed.