Баян-Өлгий аймгийн иргэний шинжилгээний хариу сөрөг гарчээ

2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Бүгд Найрамдах Казахстан Улсаас Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтоор орж ирсэн монгол иргэний эхний шинжилгээний хариу сөрөг гарсан тухай аймгийн Засаг дарга А.Гылымхан Улсын онцгой комисст мэдээллээ. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 133 хүнийг тусгаарлах байранд, 59 хүнийг гэрт нь тусгаарлан, байнгын хяналт тавьж байна. Бүгд Найрамдах Казахстан Улсад Монгол Улсын 1000 гаруй иргэн сурч, зорчиж байгаа бөгөөд хилээр орж ирвэл Бугат, Сагсай сумын болон “Эмпати” сургуулийн дотуур байранд тусгаарлахаар төлөвлөжээ. Аймгийн хэмжээнд 110 сая гаруй төгрөгийн үнэ бүхий ариутгал, халдваргүйтгэлийн бодис, эм тариа, амны хаалт, хувийн хамгаалах хэрэгсэл байна. Цаашид нөөц бүрдүүлэхэд шаардлагатай 255 сая төгрөгийн асуудлыг Улсын онцгой комисс авч үзэхээр боллоо. Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин аймгийн Нэгдсэн эмнэлэгт туулах чадвар сайтай автомашин өгөхөөр шийдвэрлэлээ. Цаашид тусгаарласан иргэддээ байнгын хяналт тавих, тусгаарлах байранд хэт олноор нь байрлуулахгүй байх, иргэдийг аль болох гадуур явахгүй байх, хувийн ариун цэврээ сахих, шинж тэмдэг илэрвэл утсаар зөвлөгөө авах, шаардлагатай бол эмнэлэгт хандах зэргийг зөвлөж байхыг Улсын онцгой комиссоос үүрэг болголоо. 2020 оны 03 дугаар сарын 17-ны байдлаар ХӨСҮТ, Баян-Өлгий, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт 37 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн бөгөөд нийт 1335 хүнийг тусгаарлан, ажиглалтад аваад байна.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.