ЭМЯ: Covid19 вирусын халдварыг ЦАР ТАХАЛ хэмээн зарлалаа

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээлэл өнөөдөр 11.00 цагаас боллоо. Мэдээллийн үеэр Covid19 вирусын халдварыг ДЭМБ-аас Улаанбаатарын цагаар урд шөнө 00.25 цагт дэлхий нийтийг хамарсан “цар тахал” хэмээн зарласан тухай мэдээллээ.  

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэлэхдээ “Дэлхийн сүүлийн 100 жилийн түүхэнд нийт дөрвөн цар тахал бүртгэгдсэн байна. Хамгийн сүүлийнх нь 2009 онд томуугийн H1N1 вирусын халдвар буюу гахайн томуу гарч байсан. Энэ удаагийн цар тахал нь коронавирусээр үүсгэгдэж байгаагаараа онцлогтой. Мөн коронавирусийн халдварыг хяналтдаа авах боломжтойг улс орнуудын туршлага харуулж байна. Ирэх долоо хоногт тохиолдол болон нас баралт, халдвар тархах улс орнуудын тоо нэмэгдэнэ гэж ДЭМБ үзэж байна. Улс орнууд шийдвэртэй хариу арга хэмжээ авахгүй байсаар халдварыг цар тахлын хэмжээнд хүргэлээ хэмээн ДЭМБ үзэж байна. 60-аас дээш насныхныг эрсдэл өндөртэй гэж байсан бол 40-өөс дээш насныхан эрсдэлт бүлэгт орлоо хэмээн зарлаж, энэ насныханд зориулсан шинэ зөвлөмж гаргаж байна” гэлээ.

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа “Covid19 вирусын халдварын тохиолдолтой улс орны тоо улам их нэмэгдэнэ гэж үзэж байна. ДЭМБ-ын ерөнхий захирлын хэлсэнчлэн халдвар тархаж буй хурд хүндрэл болон зарим нэг улс орон халдварын хязгаарлалт авахгүй байгаад харамсаж байгаагаа илэрхийлсэн. Ийм учраас Covid19 халдварыг Цар тахлын шинжтэй гэж тодорхойлсон байна. Цар тахал гэж тодорхойлсноор ДЭМБ-ын эрсдлийн үнэлгээ, авч байгаа арга хэмжээ болон улс орнуудын зүгээс хийх ёстой арга хэмжээ өөрчлөгдөхгүй ДЭМБ-аас улс орнуудад яаралтай бөгөөд шийдэмгий хариу арга хэмжээ авхыг өдөр тутам сануулсаар байна. Нийт тохиолдлын 90 гаруй хувь нь дөрвөн оронд гарч байна. Энэ дөрвөн орноос БНХАУ, БНСУ-д халдварын дэгдэлт эрчимтэй буурч байгаа. Дэлхийн 81 улсад халдвар одоогоор бүртгэгдээгүй, 57 орон 10-аас цөөн тохиолдол мэдээлэгдээд байна. Цар тахлын явцад уг улс орон нөлөөлж үйл явдлыг өөрчилж болохыг ДЭМБ-аас давтан мэдэгдсээр байгаа. Улс орнууд халдварын тохиолдлыг эрт илрүүлж лабораторын шинжилгээ хийж, эмчилж тусгаарлаж, хавьтлыг нэг бүрчлэн судалснаар цаашид хүн амын дунд хяналтгүй тархахаас сэргийлж чадна.” гэсэн юм.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.