ЭМЯ: Францын иргэнийг өнөө өглөө 09.30 цагт ХӨСҮТ-д шилжүүлэн авч ирж, эмчилгээг үргэлжлүүлж байна

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн ээлжит мэдээллээ хийлээ. Covid19-ын халдвар авсан Францын иргэний нэгдүгээр хавьтал болох 123 иргэнийг ХӨСҮТ-д өчигдөр өглөөнөөс эхлэн тусгаарлаж, тандалт шинжилгээ хийж байгаа. Шинжилгээний хариу эхнээсээ гарч, одоогийн байдлаар 23 иргэний хариу сөрөг буюу халдваргүй гараад байгаа ажээ. 

Энэ талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Гуравдугаар сарын 9-нд тусгаарлагдсан нэг хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа. Францын иргэний нэгдүгээр хавьтагч 98 хүнийг гуравдугаар сарын 10-нд тусгаарлаж лабораторийн шинжилгээ хийж байна. Эхний 23 хүний шинжилгээний хариу гарсан, халдвар илрээгүй. Францын иргэний биеийн байдал хүндэвтэр байна. Энэ өвчтөнийг эдгэрүүлэхийн төлөө монгол эмч нарын ур чадварыг гарган ажиллана.” гэлээ

Мөн ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Улаанбаатар-Москвагийн онгоцоор 159  хүн ирснээс 70 хүнийг тусгаарлалаа. Халдвар авсан Францын иргэнийг өнөө өглөө 09.30 цагт ХӨСҮТ-д шилжүүлэн авч ирж, эмчилгээг үргэлжлүүлж байна. Биеийн байдал хүндэвтэр, гэхдээ тогтвортой байна.” гэсэн юм.

ХӨСҮТ болон ЭМЯ-ны эмч, мэргэжилтнүүд Ухань хотод ажиллаж байгаа эмч нартай онлайнаар холбогдон эмчилгээний туршлага солилцож эхлэхээр болж бэлтгэл ажлаа хангажээ. Мөн уламжлалт анагаах ухааны нөөцийг эмчилгээнд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа аж.

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа “Турк, Монгол, Ямайка, Бруней, Кипр, Панам зэрэг дэлхийн 14 оронд халдвар өнгөрсөн хоногт шинээр бүртгэгдлээ. БНСУ-д халдвар буурах хандлагатай бөгөөд өнгөрсөн хоногт 131 тохиолдол бүртгэгдлээ. Италид 1797 тохиолдол шинээр бүртгэгдэж, халдвар авсан хүний тоо 10 мянга давлаа. Хоногт 168 хүн нас барлаа. Тус улсад өчигдөр орон даяар хөл хорио тогтоох шийдвэр гаргав. Иранд шинээр 595 тохиолдол бүртгэгдсэн. ДЭМБ-аас цар тахлын эрсдэл бодит аюул болж байгааг анхаарууллаа. Гэхдээ халдварыг тогтоон барих хязгаарлалт хийж болж байгааг улс орнуудын туршлага харуулж байна гэлээ.” 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Бид хэд хэдэн баг болж өчигдөр 338 иргэнтэй холбогдож, тандалт асуумж судалгаа хийж, 171 хүнийг ойрын хавьтал гэж авч үзлээ. Үүнээс Улаанбаатарт байгаа 98 хүнийг тусгаарласан. Шинжилгээний дээж хот, хөдөөгөөс ар араасаа ирж байна. Ирсэн цагийн дарааллаар хариу гарч байна. Шинжилгээний хариу хэдэн цагийн дараа гарахыг тодорхой хэлэх боломжгүй.” гэв. 

Covid19-ын халдвараар сүүлийн 24 цагийн байдлаар дэлхийн хэмжээнд  203 хүн нас барж, нийт нас баралт 4012 болжээ. Өвчлөлийн голомт болох БНХАУ-ын тухайд сүүлийн 24 цагийн дотор 17  хүн нас барсан нь Хубэй мужид бүртгэгджээ.



Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.