ГССҮТ-ийн эмч нар нэг өдрийн цалингаа Ухань ажиллаж буй эмч нарт хандивлана

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ  өнөөдөр /2020.02.18/ хийлээ.

Эрүүл мэндийн яамны зүгээс иргэдийг аль болох шилжилт хөдөлгөөн хийхгүй байх, хот хооронд, орон нутагт зорчихгүй байхыг зөвлөсөөр байна.

Мөн халдвар гарсан улс оронд зорчиод ирсэн иргэд амьсгалын замын өвчний шинж тэмдэг илрээгүй ч гэсэн эмнэлгийн байгууллагад хандаж шинжилгээ өгөх ёстойг анхаарууллаа.

Хурлын эхэнд ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхий дахинд шинэ коронавирусийн халдвар тархах нөхцөл байдалтай байгаа энэ цаг үед Эрүүл мэндийн яамнаас үнэн бодит, баталгаат мэдээллийг хурлаараа дамжуулан өгч байгаа. Энэ өдрийн хурлыг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нар “Нэг дэлхий-Нэг хүч” уриан дор БНХАУ-ын Ухань хотод ажиллаж буй эмч нартаа нэг өдрийн цалингаа хандивлан, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх сайхан үйлсэд нэгдэхээр болсон тухай сайхан мэдээгээр эхлүүлж байна” гэв.

 Өнөөдөр өглөөний 10:00 цагийн байдлаар 73,331 тохиолдол, 1,872 нас баралт бүртгэгдээд байгаа аж. Түүнчлэн БНХАУ-аас гадна 25 улсад 803 тохиолдол, гурван иргэн нас баржээ. Нийт тохиолдолд хийсэн судалгаагаар халдварын 86.6 хувь нь 30-79 насанд илэрсэн байна.

Энэ талаар ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа “Шинэ коронавирусийн халдварын дэгдэлт нэгдүгээр сарын 23-26-нд оргилдоо хүрсэн ч өдгөө буурах хандлагатай байна. Халдварт вирусийн голомтод ажиллаж байгаа эмнэлгийн 1,716 ажилтан халдвар авснаас тав нь нас барсан мэдээтэй. Мөн маш хүнд гэж оношлогдсон өвчтөнүүдийн нас баралт 49 хувийг эзэлж байгаа.

Энд нэг зүйлийг тодруулахад, ДЭМБ-аас хавьтлын тусгаарлалтыг 14 хоног үргэлжлүүлэхийг зөвлөж байгаа” гэв.

Мөн ЭМЯ-ны Эм зүй, эм судлалын мэргэжлийн салбар зѳвлѳлийн гишүүн Д.Энхжаргал “Халдварын нас баралтыг бууруулах эмнэлзүйн туршилтууд хийгдсээр байна. БНХАУ-д 80 гаруй судалгаа хийгдэж байгаагийн 15 нь нэлээд үр дүнтэй байгааг мэдээлсэн.

Уламжлалт анагаах ухааны зарим эмийг орчин үеийн вирусийн эсрэг үйлчилгээтэй хавсран хэрэглэх нь үр дүнтэй байгаа талаар судалгаа хийгдсэнийг өчигдөр мөн танилцуулсан” гэв.

 ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өчигдрийн байдлаар ХӨСҮТ-д гурав, Говьсүмбэр аймагт  хоёр хүн, нийт таван хүн тусгаарлагдсан. Лабораторийн шинжилгээний хариу гараагүй байна” гэлээ.

http://credit-n.ru/offers-zaim/dozarplati-srochnye-zaimi-online.html

Санал болгох мэдээ

Гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хаслаа

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар гадаадын иргэнд газрыг 100 жилээр эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хасах …