Ө.Энхтүвшин: Маргаашаас эхлэн “Гамшгаас хамгаалах өндөржүүлэн бэлэн байдлын зэрэгт шилжинэ

Засгийн газрын ээлжит  хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх тухай зарлиг, коронавирусээс хамгаалах, хорио цээрийн дэглэмийн асуудлыг хэлэлцжээ.

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн  зарлигт коронавирусийн тархалтын нөхцөл байдалтай холбогдуулан Гамшгаас хамгаалах хуульд заасны дагуу гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэглэлийг үе шаттайгаар сунгах чиглэлийг Засгийн газарт өгсөн. Мөн коронавирусээс урьдчилан сэргийлэх, өвчин гарсан тохиолдолд таслан зогсоох зорилгоор хорио цээрийн дэглэм тогтоох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар яаралтай журамлаж, мөрдүүлэх чиглэл өглөө.

Цагаан сарын баярт зориулсан олон нийтийг хамруулсан үзэсгэлэн худалдаа, мэдээллийн хэрэгслээр явуулах реклам, сурталчилгааг даруй зогсоох, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх иргэдийн үүрэг, хариуцлага, уг халдварын хор хөнөөлийг ухуулан ойлгуулах ажлыг хэвлэл, мэдээллийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах, дэлхий дахинд хүнээс хүнд, мал, амьтнаас хүнд халдварлах халдварт өвчин ихээр тархах болсонтой холбогдуулан Гамшгаас хамгаалах тухай, Эрүүл мэндийн тухай болон бусад хууль тогтоомжийг боловсронгуй болгох хууль тогтоомжийн төслийг боловсруулж, УИХ-ын хаврын чуулган, шаардлагатай бол ээлжит бус чуулганаар яаралтай горимоор хэлэлцүүлэх зэрэг чиглэлийг Засгийн газарт өгөх тухай дурдсан байна.

Иймд Засгийн газраас шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах үүднээс 2020.02.13-ны өдрөөс буюу маргаашаас эхлэн “Гамшгаас хамгаалах өндөржүүлэн бэлэн байдлын зэрэгт /хэсэгчлэн/ шилжүүлсүгэй” гэсэн тогтоол гаргасан” гэж мэдэгдлээ.

Мөн сургууль, цэцэрлэгийн карантин үргэлжлэх эсэх талаар Шадар сайд Ө.Энхтүвшин “Цаашдаа байдал хэр хүндрэхээс шалтгаалж сургууль, цэцэрлэгийн карантиныг хойшлуулах талаар хэлэлцэнэ. Нөхцөл байдал хүндэрвэл сургууль, цэцэрлэгийн карантиныг гуравдугаар сарын 2-ноос дахин сунгаж магадгүй. Өнөөдрийн байдлаар сунгана, сунгахгүй гэж хэлэхэд эрт байна” гэлээ.

http://credit-n.ru/electronica.html
Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.