“БҮТЭН АМЬДРАЛ” олон ангит кино хэрхэн бүтсэн бэ?

Монголын хамгийн анхны олон ангит кино 1992 онд “Эзэнгүй айл” нэрээр гарч байв. Үүний дараа Венесуэлийн “Халтар царайт” кино үзэгчдийг байлдан дагуулж, улмаар Монголын кино урлагийн зах зээлд Турк, Солонгос, Япон зэрэг орны бүтээл нэвтэрсэн юм. Үүнтэй зэрэгцэн дотоодын уран бүтээлчид ч өөрсдийн кино, контентоо хийсээр багагүй хугацааг үджээ. Тодруулбал, Боловсрол телевизийн уран бүтээлчид “Гурван найз”, “Хөгжилтэй гэр бүл”, “Мөрдөгч”, “Бүсгүйчүүд хайрыг хүснэ” зэрэг олон ангит бүтээлийг туурвиж үзэгчдэдээ толилуулсан билээ. Энэхүү буухиаг үргэлжлүүлж Хүлэгү болон Номадиа пикчерсийн хамтын бүтээл “Бүтэн амьдрал” 24 ангит кино үзэгчдэд хүрэх гэж байна.

Тус бүтээл хэрхэн бүтсэн тухай сонирхолтой нийтлэлийг хүргэе.

Үзэгчдэд хэлэх зүйл ихтэй, сэтгэл хөдөлгөм зохиол

Амьдралаас урган гардаг зохиол хүнд илүү их хүрдэг. “Бүтэн амьдрал” киноны зохиол үзэгчдэд нэгийг бодогдуулж, өөрийн амьдрал руу өнгийж харах, ухаарал авах боломжийг олгох юм. Тус киног үзсэн нэг ч гэсэн хүн гэртээ ирэх цагаа урагшлуулж, дэргэд байгаа гэр бүлийнхээ утга учир, үнэ цэнийг илүү их хайрлах тэр мэдрэмжийг авч чадвал нэг зорилго биелнэ гэж уран бүтээлчид ярьж байлаа.

100 гаруй уран бүтээлчийн хөдөлмөр

Хүлэгү болон Номадиа пикчерсийн энэхүү хамтын бүтээлд нийт 100 гаруй уран бүтээлч гар бие оролцсон. Кино гэдэг эхнээсээ дуусах хүртэл багийн ажиллагаа шаарддаг. Тиймээс нэг ч ажлыг цалгардуулахгүй, эмх цэгцтэй гүйцэтгэхийн тулд бүх зүйлийг нарийн тооцож, ажил үүргийн хуваарилалт, уртын төлөвлөгөө, өдөрчилсөн хуваарь гаргадаг юм. Үүнийхээ дагуу сахилга баттайгаар нэг зүг рүү харан ажиллаж гэмээн сайн уран бүтээл төрдөг билээ. “Бүтэн амьдрал” олон ангит киноны арын албаныхан болох зураглаач, инженер, гэрэлтүүлэгч, эвлүүлэгч, дууны найруулагч, нүүр хувиргагч болон бусад ажилтан өөрсдийн оногдсон үүргээ сэтгэл зүрхнээсээ, чанартай гүйцэтгэхийг зорьсон.

Үүр цайх үеэр зураг авалт дуусах нь хэвийн үзэгдэл

Зураг авалтын үед тус киноны уран бүтээлчид өглөөний 08:00 цагт цуглаж гурван машинд хуваагдан, зураг авалтын объект руу хөдөлнө. Өдрийн төлөвлөгөөт ажил дуусахаас нааш тэд уран бүтээлдээ улайран, ажлаа дуусгаж байж санаа амардаг. Үүр цайлгах нь ч хэвийн үзэгдэл аж. Гэхдээ амьдралдаа үлдээх түүх бүтээж буй учраас тэд хариуцсан ажилдаа чин сэтгэлээсээ дурлаж ажилладаг.

“Бүтэн амьдрал” олон ангит кино нийт 1700 гаруй сцена буюу жижиг хэсгүүдээс бүрдэж байна. Энэ бүх зохицуулалтыг том, жижиг гэлтгүй нуруун дээрээ үүрч гардаг хүн бол яах аргагүй зургийн дарга билээ. Тус киноны зургийн даргаар жүжигчин Х.Манлайбаатар ажиллажээ.

Нар буцсан намраас жавар тачигнасан өвлийн хүйтэнд өдрийн богино цагтай уралдан ажилласан тэд Хөвсгөл, Өмнөговь аймаг, Улаанбаатар хотод зураг авалтаа хийсэн бөгөөд тун удахгүй Тайланд улсыг зорьж, төгсгөлийн ангийн хэсэгхэн дүрсийг авах юм байна.

Кино бүтээх үйл явц асар хүнд, нүсэр ч хамгийн сонирхолтой, амттай ажил

“Бүтэн амьдрал” киноны дотор өрнөж буй зураг авалтыг хийхийн тулд “Боловсрол” телевизэд хоёр айлын павильон засаж тохижуулжээ. Павильон гэдэг нь студийг яг айл мэт засаж, интерьер бүрдүүлэхийг хэлдэг бөгөөд ихэвчлэн БНСУ-ын олон ангит киноны зураг авалтыг ингэж хийдэг байна. “Бүтэн амьдрал” киноны уран бүтээлчид ч энэхүү павильондоо бүтэн сарын турш хоёр дахь гэр болтлоо өдөр шөнийг умартан ажиллажээ. Мөн киноны зураглаач, гэрэлтүүлэгчийн багийн нэг хүн дунджаар 45-60 килограм жинтэй төхөөрөмж үүрч, нэг байршлаас нөгөө байршил руу зөөж, суурилуулдаг гэнэ.

Мэргэжлийн, шилдэг баг хамт олны л хийж, бүтээж чадах энэхүү нүсэр ажлын үр дүн тун удахгүй гарах бөгөөд “Бүтэн амьдрал” олон ангит кино 2-р сарын 15-наас “Боловсрол” телевизээр цацагдана. Мөн Юнивишн, Ддэш, LookTV-ийн видео сангаас үзэгчид хүлээн авч үзэх боломжтой аж.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.