“Олон улсын залуучуудын ногоон наадам”-ын медалийг дахин боловсруулсан түүхий эдээр хийнэ

Монгол Улсын ерөнхийлөгчийн ивээл дор, НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилго-2030”- хөтөлбөрт тулгуурлан зохион байгуулж буй “Олон улсын залуучуудын ногоон наадам” хамтран зохион байгуулагч талуудтай хамтын гэрээг үзэглэж эхэллээ.

Спортын 25 төрөлд зохион байгуулагдах тус наадам ирэх 9 дүгээр сарын 13-20 ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно.

“Олон улсын залуучуудын ногоон наадам” нь улс эх орны ирээдүй болсон хүүхэд багачуудад эко боловсрол, эрүүл мэндийн боловсрол олгох нэн түрүүний зорилготой.

Санамж бичиг зурах ёслолд “Олон улсын залуучуудын ногоон наадам” зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга буюу гүйцэтгэх хорооны ерөнхий захирал Б.Тамир, Монголын Спорт анагаах ухааны шинэ үе академийн ТУЗ-ын дарга Д.Баяржаргал, “Хог хаягдал дахин боловсруулах үндэсний холбоо”-ны ерөнхийлөгч Д.Бямбасайхан, “Летс тревэл” ХХК-ны Ерөнхий захирал С.Амгаланбат нар оролцлоо.

Тус наадамд хамтран ажиллахаар болсон дээрх байгууллагуудын хувьд үндсэн хэд хэдэн үүрэгтэй. Тодруулбал Монголын спорт анагаах ухааны шинэ үе академийн хувьд наадмын үеэр эмнэлэгийн анхан шатны тусламж үзүүлэх 60-80 гаруй эмч, сувилагчдыг бэлтгэх, туслалцаа үзүүлэх, “Жаргалтай ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд өсвөр үеийн болон ерөнхий боловсролын сурагчдад эрүүл мэндийн боловсрол олгож бэртэл гэмтлээс хэрхэн урьдчилсан сэргийлэх зэрэг шат дараатай сургалтууд зохион явуулна. Харин “Летс Трэвел” ХХК нь зочид буудлын нийт зохион байгуулалтыг бүхэлд нь хариуцан ажиллана. Үүнд ижил цэстэй эко хоол хүнсээр хангах, зочид буудлуудын халдваргүйжүүлэлт, харуул хамгаалалтыг нэгдсэн системд оруулах зэрэг бэлтгэл ажлаа эхлүүлжээ.

Харин “Хог хаягдал дахин боловсруулах үндэсний холбоо”-ны хувьд мэдээж наадмын үеэрх хог хаягдын асуудлыг бүхэлд нь хариуцаж тэмцээний үеэр болон дараа хаягдалгүй дахин боловсруулалт хийнэ. “Олон улсын залуучуудын ногоон наадам”-ын хүрээнд хийгдэх гол ажлын нэг бол хүүхэд залуучуудад чиглэсэн “Ногоон захидал” аян юм. Тиймээс “Хог хаягдал дахин боловсруулах үндэсний холбоо”-ны хувьд тус аянд нэгдэж хүүхэд залуучуудад хог хаягдлыг хэрхэн ангилах, ашиглах, боловсруулах зэрэг сургалтыг зохион явуулна.

Токио хотноо болох зуны 32 дугаар олимпийн наадам нь байгальд ээлтэй эко олимп хэмээн нэрлэгдэж байгаа.

Тодруулбал ард иргэдийнхээ дунд хуучин гар утас, цахилгаан хэрэгсэл хандивлах аян өрнүүлж түүгээр дахин боловсруулалт хийн олимпийн наадамд олгогдох медалийг хийж эхэлжээ. Энэ нь урьд өмнө зохион байгуулагдсан нийт 31 олимпийн наадамд болж байгаагүй тохиолдол юм.

Үүний нэгэн адилаар “Олон улсын залуучуудын ногоон наадам”-д ашиглагдах медаль, медалийн тавцан зэргийг хаягдал дахин боловсруулсан эд материалаар үйлдвэрлэхээр болжээ. Дашрамд дурдьхад тус наадамд оролцох хүсэлтэй албан байгууллагуудтай хамтарч ажиллахад бэлэн гэдгийг тэмцээний ерөнхий зохион байгуулагч “Улаанбаатар спорт менежмент” ХК- ын зүгээс онцолж байлаа.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.