“Улаанбаатар сити” Тайваний “Тайпауэр” багийн Монголд хийх тоголтыг цуцаллаа

2019 оны “Мазала Үндэсний Дээд Лиг”-ийн аварга Улаанбаатар Сити клуб “AFC CUP – 2020” тэмцээний урьдчилсан шатанд Тайваний “Тайпауэр” багтай учраа тааран тоглохоор сугалаа таарсан.

Хуваарь ёсоор хоёр багийн эхний тоглолт Монголын Хөлбөмбөгийн Холбооны ногоон талбайд явагдах байсан ч цуцлагдаж байна.

Учир нь БНХАУ-д гарсан короновирусын тархалт газар авсантай холбоотойгоор Монгол Улсын Засгийн Газар 01 сарын 31-ны өдөр хуралдаж 03 сарын 02-ны өдрийг хүртэл БНХАУ-тай хиллэдэг агаар, төмөр зам, авто замын бүх боомтоор БНХАУ-ын иргэд болон тус улсын нутаг дэвсгэрээр дамжин ирэх бусад улсын иргэдийг нэвтрүүлэхийг хориглосон. Тиймээс Тайпауэр багийн тамирчид Монгол улсын хилээр орж ирэх боломжгүй болсон юм.

Мөн Улаанбаатар Сити клубийн тамирчид ч Тайвань улсад зочлон тоглох боломжгүй. Учир нь Засгийн газрын ээлжит бус тус хуралдаанаар Монгол улсын иргэдийг БНХАУ-д зорчихыг хориглосон билээ. Азийн Хөлбөмбөгийн Холбоо хоёрдугаар сарын 4-нд шуурхай хуралдааныг зарласан бөгөөд тус хуралдаанаар “AFC CUP 2020” болон “Азийн Аваргуудын Лиг”-ийн зүүн бүсийн тоглолтуудтай холбоотой асуудлуудаар хэлэлцэхээр болсон байна. Бид та бүхэнд тус тоглолт хаана, хэзээ явагдах талаар цаг тухайд нь шуурхай мэдээлэх болно гэж Монголын хөлбөмбөгийн холбооноос мэдээллээ.


Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.