Эцэг, эхчүүдэд зориулсан томуугийн ЗӨВЛӨМЖ

ХАЛУУРЧ БАЙВАЛ БҮЛЭЭН ШИНГЭН ТАСРАЛТГҮЙ ӨГӨӨРЭЙ!

Хүүхэд 38.0, 38.5 хүртэл халуурах нь хэвийн. Энэ нь хүүхдийн дархлаа тогтолцоо нь гаднын вирус, нянтай тэмцэж байгаа хэрэг. Энэ хугацаанд эцэг эхчүүд, асран хамгаалагч нар хүүхдээ сайн анхаарах хэрэгтэй.
Ингэхдээ хувцсыг нь гэрийн температурыг мэдэрч нимгэлэх, толгойд нь хүйтэн жин тавих, бүлээн шингэн ойр ойрхон бага багаар, тасралтгүй өгөх хэрэгтэй.
Шингэн зүйлийг бөөлжүүлэхгүй, шингээж өгөх хэрэгтэй.
Өвчтэй үед ердийнхөөс их шингэн өгөх алтан дүрмийг сана. Шингэн зүйл их өгөх тусам хүүхдийн халуун хөлс, шээсээр нь дамжин гадагшилдаг.

НУСЫГ ТОГТМОЛ ЦЭВЭРЛЭХ ХЭРЭГТЭЙ

Нус гоожих нь хүүхдийн дархлааны систем ажиллаж байгааг илтгэх ба хамгийн гол нь нусыг тогтмол цэвэрлэж, хүүхдийн хамрыг амьсгалахад саадгүй байхад туслах хэрэгтэй.
Тусгай зориулалтын цэвэрлэдэг бодис, савыг ашиглаж болох ба хүүхдийг нусаа нийж сургахад анхаарах нь зүйтэй.
Нэг нас хүрсэн хүүхдэд нусаа нийх дадлыг эзэмшүүлэхийн тулд та долоо хоног тасралтгүй оролдоход ойлгоод сурч эхэлнэ.

ВИРУС БА НЯН!

Эмч нар нянгийн гаралтай, вирусийн гаралтай, шинэ төрлийн гээд л онош тавихаар эцэг эхчүүд толгой нь эргэдэг. Учир нь нян, вирусийн нэр төрөл, тоо хэмжээг тоолж хэлэх боломжгүй.
Хүүхэд нян, вирусийн алинд нь ч шууд өртөх боломжтой ба дархлаа нь сайн ажиллаж байвал тэдгээрийг орж ирэнгүүт нь “залгиж” хүндэрдэггүй байна.
Дархлаа сул байвал ам, хамраар дамжаад залгиур эрхтнүүд, цаашлаад уушги гээд улам хүндэрдэг байна. Вирусийн халдвар авсан хүүхдийн дархлаа мууддаг учир энэ үед бусад нян, вирусийг эсэргүүцэх чадваргүй болдог учраас ханиад томуу улам хүндэрдэг.
Нян, вирусийн халдварыг хоол хүнс бохир гар, агаар дуслын замаар авч байдаг.

ЭЦЭГ ЭХЧҮҮД ЭЭ, АНХААРААРАЙ!

Хүүхэд нян, вирусийг зөвхөн цэцэрлэгээсээ авдаг юм биш. Учир нь аав ээж, эмээ өвөө, ах эгч та өөрөө вирус тээгч. Таны дархлааны санамж, дархлаа тээсэн нян, вирусийг тань даван дийлж өвдөхгүй байх боломжтой. Та ханиад хүрээгүй, өвдөөгүй байгаа ч нян, вирус тээгч байж болно гэдгээ ухамсарлах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, та гудамж талбайд, автобусанд явж байхдаа, ханиадтай хүнтэй уулзахдаа, гар барихдаа, ер нь орчноос авч буй нян, вирусээ тээсээр гэртээ ордог.
Улмаар хүүхдээ үнсч эрхлүүлэх, хамт тоглох төдийд та нян, вирусээ тэдэнд дамжуулж халдааж байдаг.
Иймээс та гэртээ орохдоо нүүр гар, ам хамраа заавал угаа, гэрийн хувцас заавал өмс.
Гар утсанд тань маш их нян, вирус наалдсан байгаа тул утсанд хүүхдээ ойртуулах хэрэггүй.

ХАНИАД, ХАТГАЛГААНЫ ВАКЦИН!

Энэ нь дэлхийн эрүүл мэндийн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд вакцин хийлгэх нь насан туршийн баталгаа болж чадахгүй. Вакцин хийлгэсэн нэг жилдээ л үйлчилгээтэй.
Вакцин тариулснаас хойш ихэвчлэн 14 хоногоос нэг сарын дараа үйлчилж эхэлдэг бөгөөд та сарын эхэнд тариулсан гэж бодвол дараа сарын эхнээс эхлэн тариулсан вакцин тань таныг хамгаалж эхэлнэ. Тийм учраас ханиад томууны улирлыг тооцож урьдчилан хийлгэх нь зөв.

ХҮҮХДИЙГ ГАДУУР БИТГИЙ ДАГУУЛЖ ЯВААРАЙ!

Хүүхэд зөвхөн цэцэрлэгтээ явж, эсвэл гэртээ байдаг бол нян, вирусийн халдвар авах боломж тэр хүрээндээ л яригдана. Гэтэл та хэдэн хүн цугласан газарт хүүхдээ авч очно, тэр хэмжээгээр халдвар авах магадлал нэмэгдэнэ.

САЙН УНТУУЛААРАЙ!

Хүүхэд унтахад дархлааны систем нь идэвхэждэг. Хүүхэд оройны 21:00-22:00 цагийн хооронд унтсан байх шаардлагатай. Учир нь, хүний хангалттай нойр авах цаг 22:00-02:00 цаг байдаг байна.

ХАЛУУН БҮЛЭЭН УСАНД ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ!

Зарим эцэг, эхчүүд хүүхэд ханиадтай гээд өмссөн хувцсыг нь ч тайлахаас эмээж, хөлөрсөн хувцастай нь байлгадаг. Гэтэл тийм биш аж. Ханиадны эхний шинж тэмдэг илэрч буй яг тэр үед унтахынх нь өмнө сугаар нь татахуйц халуун бүлээн усанд 30 орчим минут суулгаад дулаан хувцаслаж, хучаад унтуулах хэрэгтэй.
Халуун бүлээн ус хүний биеийн дулааныг нэмэгдүүлж, дархлааг идэвхжүүлдэг байна. Ингэснээр нян, вирустэй тэмцэх биеийн чадвар нэмэгдэнэ.
Хүүхдийн арьсны нүх сүв онгойж, амгалан тайван унтах боломж бүрдэнэ. Энэ үед халуун усны уур хамар дахь нусыг зөөллөдөг тул хамрыг нь сайн цэвэрлэх хэрэгтэй.

ДАРХЛААГ НЬ ДЭМЖЭЭРЭЙ!

Хүүхдийг сайн унтуулж, дуртай хоолыг нь хийж зохистой идүүлэх хэрэгтэй.
Антиоксидант агуулсан нэрс, аньс, чацаргана, бусад шингэн зүйл маш сайн уулгаж, шингэнийг халуун бүлээн уулгах нь маш чухал. Мөн алим жигнэж өгч болно.

ЭМЧИЛГЭЭГ ГҮЙЦЭД ДУУСГА!

Халуурсан хүүхдийн тань халуун буух төдийд бүү тайвшир. Хатгалгаа бол багадаа нэг сарын хугацаанд шимэгддэг. Энэ хугацаанд эмчилгээ, сувилгаа маш чухал. Эмч бичиж өгсөн аливаа эмийг өг гэсэн хоног хугацаанд нь өгч дуусгахгүй бол өвчин дутуу эдгэх шалтгаан болдог. Ингэснээр дахин нян, вирусийн халдвар авах аятайхан хөрс бүрдэж байгаа хэрэг юм.
Мөн олон дахин дутуу эмчлэх нь уушгины архаг өвчинд өртөх эрсдэлийг өндөр болгодог байна.

ЗААВАЛ ЭМЧИД ХАНДААРАЙ!

Утас, компьютерын цаанаас эмч ч зөвлөгөө өгөхөд бэрх байдаг атал ээжүүд олон нийтийн сүлжээнд хүүхдийн биеийн байдлаа бичээд зөвлөгөө хүсэх нь элбэг. Энэ нь онлайнаар гутал захиалж авахад тэр нь таарахаас тэс өөр зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй.
Учир нь хүүхэд бүрийн бие өөр, өвчний шалтгаан нөхцөл өөр учир мэргэжлийн эмч л эдгээх эмчилгээ хэлэх ба магадгүй таны онлайн зөвлөгчийн зөвлөгөө байдлыг улам хүндрүүлэхийг үгүйсгэхгүй. Тиймээс зөвхөн эмчид хандаарай.

Эх сурвалж: НЭМГ

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.