Л.Оюун-Эрдэнэ:Элчин сайд мөрийтэй тоглоом тоглосон нь тогтоогдвол эргүүлэн татах саналыг Ерөнхийлөгчид хүргүүлэх боломжтой

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Д.Лүндээжанцан, УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат нар Австрали улсад айлчлал хийх үеэрээ казинод орсон зураг цацагдсан билээ. Энэ асуудалтай холбогдуулан дээрх гишүүдэд хариуцлага тооцох, эсэх талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнээс тодрууллаа.

Казинод орсон УИХ-ын гишүүдэд хариуцлагын асуудал яригдах уу?

-Засгийн газрын 33 дугаар тогтоолоор Төрийн албаны тухай хуулийн 40.2, Төрийн албаны зөвлөлийн саналыг үндэслэн 2019 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр Засгийн газраас ёс зүйн дүрэм баталж байсан. Та бүхэн санаж байгаа бол Засгийн газрын 2019 оны 122 дугаар тогтоолоор энэ дүрэмд өөрчлөлт оруулаад 3.1.4-т гадаадад зорчихдоо мөрийтэй тоглоом тоглож, энэ төрлийн газраар үйлчлүүлэхгүй байх гэдгийг нэмсэн. Тэгэхээр Засгийн газрын тухай энэ тогтоол бол төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчдад үйлчилнэ гэж ойлгож болно.

Дипломат алба нь төрийн тусгай албад тооцогддог. Засгийн газрын 2019 оны долдугаар сарын 3-ны өдрийн 272 дугаар тогтоолоор батлагдсан дүрэм байдаг. Дипломат ажилтны сахилгын дүрэмд казино тоглох хориотой. Гэхдээ дипломат ажилтан дээр шууд халах үндэслэл байхгүй. Өнөөдрийн хууль тогтоомжоор сануулах, уучлал гуйлгах үндэслэл байдаг. Үүнийг бид өмнө нь баталсан дүрмээр сахилгын зөрчил гэж үзэх юм бол халах боломжтой.

Засгийн газар Их хурлын гишүүний халдашгүй бүрэн эрхэд халдах боломжгүй. Саяын тохиолдол бол хоёр намын бүлгийн дарга нь хоёулаа, төрийн албаны сахилгыг байнга ярьдаг Д.Лүндээжанцан гишүүн холбогдсон нь Их хурлын гишүүний ёс зүйн дүрмийг хуульчлан батлахаас өөр аргагүй гэдгийг харуулж байна. Үүнийг Засгийн газраас өргөн барьсан. Нэн яаралтай баталъя. Төрийн албан хаагчид халагдаад байхад үлгэр жишээ үзүүлэх ёстой Их хурлын гишүүд нь хариуцлагын гадна үлддэг жишигт цэг тавих ёстой.

Засгийн газраас Австрали улсад суугаа Элчин сайдад ямар хариуцлага тооцох вэ?

-Элчин сайдтай холбоотой асуудлаар Гадаад харилцааны сайдтай өчигдөр холбогдсон. Мөрийтэй тоглоомын газраар үйлчлүүлэхгүй байхыг дүрэмд заасан байгаа. Тэгэхээр тухайн байгууламжид орсныг үйлчлүүлсэн гэж үзэх үү гэдэг маргаантай асуудал үүснэ. Засгийн газраас Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газарт тогтоох чиглэл өгсөн. Хэрэв ямар нэгэн байдлаар тэнд мөнгөн гүйлгээ хийгдсэн, тоглосон нь тогтоогдох юм бол Элчин сайдыг нэн яаралтай эргүүлэн татах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулаад Ерөнхийлөгчид санал хүргүүлэх боломжтой.

Санал болгох мэдээ

О.Номинчимэг: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хэсэгчилж зарсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид …