Анна Каренинагийн дүрийг Ардын жүжигчин Н.Сувд бүтээнэ

Оросын нэрт зохиолч Л.Н.Толстойн “Анна Каренина” роман бол дэлхий дахинаа эмэгтэй хүн бүрийн заавал унших ёстой сонгодог бүтээлд тооцогддог билээ. Эмэгтэй хүний эмзэг нандин чанар, хайр сэтгэлийн төлөөх тэмцэл болоод гэр бүл, хосуудын харилцаа, амьдралын тухай өгүүлэх энэхүү романыг Монголд анх удаа Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид  тайзны бүтээл болгохоор бэлдэж байна.

 “Анна Каренина” жүжгийн судалгааны ажлаар Улсын Драмын Эрдмийн театрын уран сайхны удирдагч Н.Ганхуяг, Ерөнхий найруулагч Н.Наранбаатар, Ерөнхий зураач Т.Ганхуяг нар ОХУ-ын Москва хотод өнгөрсөн оны 11-р сард ажиллаад иржээ.

Уг  романыг Н.Пүрэвдавга жүжгийн зохиол болгон бичсэн бол тус жүжгийн ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт Н.Наранбаатар, ерөнхий зураачаар Соёлын тэргүүний ажилтан Т.Ганхуяг нар ажиллаж байгаа юм.  Харин жүжгийн гол дүр болох  Аннагийн дүрд Төрийн шагналт, Ардын жүжигчин Намсрайн Сувд,  Соёлын тэргүүний ажилтан Н.Баярмаа нар сонгогдон ажиллаж байгаа  гэдгийг Улсын Драмын Эрдмийн театраас мэдээллээ.

Харин Аннагийн нөхөр Алексей Каренинд Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, соёлын тэргүүний ажилтан Д.Баттөмөр тоглох бол Облонскийд Л.Дэмидбаатар, М.Түвшинхүү нар сонгогджээ.

Улсын драмын эрдмийн театрын 2020 оны шинэ бүтээл болох “Анна Каренина” хоёрдугаар сарын 28-нд нээлтээ хийх бөгөөд тасалбар хоёрдугаар сарын 15-нээс худалдаанд гарахаар болжээ.

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …