Б.Цолмонсүрэн: Уламжлалт анагаах ухаан хүний биеийг эмчлэхээс гадна сэтгэл зүйг давхар эмчилдгээрээ онцлог

Дорно дахины уламжлалт, сэргээн засах “Тиффани мед” эмнэлгийн шинэ байрны нээлт өнгөрсөн ням гарагт болсон. Олон улсын стандартад нийцсэн эмнэлэг болох зорилгынхоо хүрээнд БНХАУ-ын эмч, мэргэжилтэн, профессоруудтай туршлага солилцож буй. Иймд үйл ажиллагааных нь талаар тус эмнэлгийн ерөнхий эмч Б.Цолмонсүрэнгээс тодрууллаа. 

-“Тиффани Мед” эмнэлэг үйл ажиллагаа явуулаад хэдэн жил болж байгаа вэ? 
-Манай эмнэлэг дорно дахины уламжлалт,  сэргээн засах эмчилгээний чиглэлээр гурав дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Саяхан шинэ байрандаа орж, нээлтээ хийлээ. Нээлтийн үеэр манай хамт олон ажлын байрандаа менежментийн тогтолцооны ISO9001 стандартын шаардлга хангасан тул батламж гардан авсан. Цаашид олон улсын эмнэлэг болохыг зорьж ажиллана. Өмнөх жилүүдийн туршлагад суурилж үйлчилгээндээ өөрчлөлт, дэвшилт оруулсан. Үйлчлүүлэгчдэд зүү, төөнүүр, бариа засал гэх зэрэг эмчилгээ үзүүлэхээс гадна сэтгэл засал хийх үүднээс орчны тохижилтод анхаарч ажилласан. Зүү тавиулж, бариа хийлгэж байхдаа тайван дуу сонсож, уран зураг харвал иргэдэд илүү тав тухтай байх болов уу. Мөн эмчилгээнд ч эерэгээр нөлөөлнө. Хүүхэдтэй хүмүүс эмчилгээ хийлгэх үеэрээ “Хүүхэд харах хүнгүй боллоо” гээд эмчилгээгээ таслах тохиолдол цөөнгүй гаргадаг. Иймд шинэ байрандаа эмчилгээ хийхээс гадна тоглоомын өрөө гаргаж, хүүхэд харах үйлчилгээ үзүүлж байна. Уламжлалтын дөрвөн их эмч, хоёр сувилагч, хөдөлгөөн заслын хоёр эмчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа. Мөн хүүхдийн дархлаа сайжруулдаг ургамлуудыг буцалгаж, ханд бэлдэн, ууранд нь суулгах, томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх эмчилгээ хийж байна. Мөн БНХАУ-ын эмч, мэргэжилтнүүдтэй туршлага солилцож, хамтарч эмчилгээ, оношлогоо хийж байгаа. 

-БНХАУ-ын эмч, мэргэжилтэнтэй хамтарч ажиллаж байгаа гэлээ. Энэ талаар дэлгэрэнгүй ярихгүй юу? 
-Энэтхэг, Япон, Хятад, Солонгос, Төвд гэх зэрэг Азийн орнуудад уламжлалт анагаах ухаан өндөр хөгжсөн. Бид эдгээр улсын эмч мэргэжилтнүүдтэй туршлага солилцож, хамтарч ажиллахыг зорьж байгаа. БНСУ-ын  уламжлалт анагаах ухааны эмнэлэгтэй хамтарч ажиллах гэрээ байгуулсан. Одоо хэлэлцээрийн шатанд явж байна. Мөн Хятадын хааны зүүний нууц судрын өв залгамжлагч Ян Жэн Хай, Япон Улсын Хамамацу анагаах ухааны их сургуулийн судлаач, БНХАУ-ын Анагаах ухааны Шинжлэх ухааны академич Гао Ронг Хуй, Бээжин хотын Шин Лин эмнэлгийн эмч, профессор Жан Зө Мин гэсэн гурван профессортой таван жилийн гэрээ байгуулан, хамтарч ажиллаж байна. Эдгээр профессор манай эмнэлгийн үйлчлүүлэгчдэд үзлэг оношлогоо хийж, өөрсдийн арга барилаар эмчилгээ хийж байгаа. Мөн иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох үүднээс сургалт зохион байгуулж, залуу эмч нартай туршлага солилцож байна. Улсдаа олон улсын стандартад нийцсэн орчин үеийн шинэлэг эмчилгээг авах боломж бүрдүүлж, гадаад руу гарах мөнгөний урсгалыг багасгах зорилготой.  

-Эдгээр профессор уламжлалт анагаах ухааны ямар чиглэлээр мэргэшсэн бэ?  
-Манай улсад харвалтын дараах сэргээн засах эмчилгээ хийдэг эмнэлэг тун ховор. Тухайн хүнийг нийгмийн харилцаанд оруулах, амьдралын чадавхийг нь дээшлүүлэхийн тулд урт хугацааны эмчилгээ шаардлагатай болдог. Энэ чиглэлийн эмчилгээг манай улсад үр дүнтэй хийж чадахгүй байгаа.  Харин Ян Жен Хай профессор зүү тавих аргаар харвалтын дараах саажилтыг эмчилдэг. Манай эмнэлгийн эмч нар эмчилгээний энэ арга барилаас суралцаж байна. Амьдралын буруу хэвшил, ажлын нөхцөлөөс шалтгаалсан хүзүү, нурууны суулт, мэдрэлийн дарагдалтай хүн олон бий. Ийм өвчлөлтэй хүмүүст зориулж Жан Зө Мин эмчийг урьсан. Харин Гао Ронг Хуй эмч эмэгтэйчүүд рүү чиглэсэн үзлэг, оношлогоо хийхээс гадна тусгай тан бэлтгэн шинэ технологийн аппаратаар эмчилгээ хийдэг. Үүнд төрсний дараах сэргээн засах эмчилгээ багтана. Манайх бусад эмнэлгээс ялгаатай нь үйлчлүүлэгчдээ тангийн ууранд суулгаж, эмчилдэг. 

-Иргэд эрүүл мэндийн даатгалаараа үйлчлүүлэх боломжтой юу?  
-Манай эмнэлэг иргэдийг эрүүл мэндийн даатгалаар үйлчлүүлэх боломжтой болгохын тулд хоёр жилийн хугацаанд тодорхой шалгуур үзүүлэлтийг давах ёстой. Цаашид иргэдийг эрүүл мэндийн даатгалаар үйлчлүүлдэг болгох, мөн дараа жил гэхэд 100 ортой эмнэлэгтэй болохыг зорьж байгаа. 

-Иргэд нуруу, нугасны эмгэгээр өвчлөх нь элбэг. Иймд энэ төрлийн өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгөхгүй юү? 
-Манайд хүзүү, нуруу, нугасны эмгэг буюу мэдрэлийн судасны дарагдал, бүсэлхий, ууцны суулт, хүзүүний шохойжилттой олон хүн ирдэг. Энэ төрлийн өвчлөлтэй хүмүүст сэргээн засах, уламжлалт эмчилгээг хослуулж хийдэг. Үүнээс гадна манай эмнэлэг “Хуа Туо” гэсэн хятадын уламжлалт аргыг ашиглаж, тусгай багажаар нурууны суултыг эмчилж байна. Иргэд өвчнөө нэг их ойшоолгүй, тоохгүй явсаар хүндрүүлдэг. Тиймээс хүндрэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх, дасгал хөдөлгөөн хийж, цусны эргэлтээ сайжруулах нь чухал. Хэрвээ суугаа ажилтай бол 30 минут тутамд нэг удаа дасгал хийх хэрэгтэй. Нуруу нь өвддөг хүмүүс орноосоо босохдоо хүртэл зөв босох ёстой. Иймд ямар эмгэгтэй байгаагаас хамаарч зөвлөгөө өгнө. Хүн бүрийн бие махбод өөрийн өвчинтэй тэмцэх бүрэн боломжтой. Уламжлалт анагаах ухаан тэр боломжийг дайчилж, унтаа байдалтай эд эсийг өөрөөрөө ажиллах нөхцөлийг нь бүрдүүлэхэд тусалдаг.

Үндэсний шуудан

Холбоотой мэдээлэл

Comments are closed.