“Бяцхан зүрх” –нүүд эрүүл болж эх орондоо ирлээ

Зүрхний төрөлхийн эмгэгтэй хүүхдүүдэд амьдрал бэлэглэх зорилготой “Бяцхан зүрх” төслийн хүрээнд олон Монгол хүүхдүүд эрүүл саруул болж, эх орондоо эргэж иржээ. Энэхүү буянтай үйлсийг Монголын улаан загалмай нийгэмлэг “Энержи Ресурс” компанитай хамтран хэрэгжүүлж байгаа аж.

Манай улсад зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдийн тохиолдол олноор бүртгэгдэж байгаа ч Монголд эмчлэгдэх боломжгүй, эсвэл зардал мөнгөний боломжоос шалтгаалан хугацаа алдах, амь насаа алдах тохиолдлууд гарсаар байна.

Өнгөрөгч онд П.Н.Шастины нэрэмжит улсын Гуравдугаар төв эмнэлэгт Монгол, БНХАУ-ын эмч нар зүрхний эмгэгтэй хүүхдүүдэд хамтарсан үзлэгийг хийж, улмаар эмчилгээний боломж тааруу 40 хүүхдийг сонгож авч, хагалгааг урд хөршид буюу Хөх хот, Ү Ши хотод хийсэн байна. Хүүхдүүдийн хагалгаа бүгд амжилттай болсон бөгөөд эхний 25 хүүхэд ийнхүү эрүүл саруул болж эх орон, ээж аавдаа эргэж ирсэн юм.

Хагалгааг хамгийн орчин үеийн дэвшилтэт аргачлалаар, өвчтөнүүдийн биед зүсэлт, зовиур багатай технологиор хийсэн тул хүүхдүүдийн эдгэрэлт хурдан, биеийн байдал хурдан тэнхэрч байгаа аж. Дараагийн ээлжийн хүүхдүүд удахгүй урд хөршийг зорьж, хагалгаандаа орох бөгөөд одоогоор эх орондоо эмчилгээндээ хамрагдаж байгаа юм байна.

Монголын Улаан Загалмай нийгэмлэгийн Орлогч дарга Т.Баярчимэг: Зүрхний нарийн мэргэжлийн хагалгааг, богино хугацаанд, нарийн сайн зохион байгуулалттай хийж өгч, сэтгэлээсээ чармайн ажилласан БНХАУ-ын эмч нар болон Монголын талаас Шастины нэрэмжит 3-р эмнэлгийн эмч нартаа маш их баярлалаа. Олон айл, өрхийн амьдралд гэрэл гэгээ өгч, бяцхан хүүхдүүдэд амьдрал бэлэглэх эмчилгээний санхүүжилтийг бүрэн шийдэж өгсөн Энержи Ресурс компанийн хамт олонд талархал илэрхийлье.

Энержи Ресурс ХХК-ийн Компанийн нийгмийн хариуцлагын менежер Г.Отгонтуяа: Манай компаниас 40 хүүхдийн хагалгаа, эмчилгээнд орох зардлыг 100% дааж, 940 гаруй сая төгрөгний санхүүжилтийг олгосон. Хүүхдүүдийн хагалгаа амжилттай болж, түрүүчээсээ эх орондоо ирж байгааг харах үнэхээр сайхан байна. Өвчний байдал, ар гэрийн нөхцөл боломжийг харгалзаж, олон хүүхдүүдэд амьдрал бэлэглэхийг зорьсон.

Холбоотой мэдээлэл
1 Comment
  1. Anonymous says

    3-р эмнэлгийн мундаг эмч Булгандаа, МУЗН ийнхэндээ үргэлж талархаж явдаг шүү. Олон олон хүүхдийг эрүүл саруул болгож өгсөн буянтангууд.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.