Энэтхэг улсын ЭСЯ-наас анх удаа сурагч солилцооны хөтөлбөрийг эхлүүллээ

Монгол Улс дахь Энэтхэг улсын ЭСЯ Монголд анх удаа сурагч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж байна. Энэ удаа Эмпати салбар сургуулиуд болон Улаанбаатар Элит олон улсын дунд сургууль Энэтхэгийн Пагвара хотын Кэмбриж олон улсын сургуультай сурагч солилцох хөтөлбөрийг зохион байгуулж байгаа бөгөөд хөтөлбөрийн нээлт өнөөдөр боллоо.

Энэхүү хөтөлбөр нь Энэтхэг Монгол улс хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй юм. Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин Сайд ноён М.П.Сингийн тусламж дэмжлэгтэйгээр эхэлж буй боловсролын эл томоохон хөтөлбөрийн эхний оролцогч сурагчид 2020 оны нэгдүгээр сарын 12-ноос 26-ны хооронд тус улсад зочлох юм байна. Улаанбаатар, Орхон, Дархан, Баян-Өлгий дэх Эмпати сургуулиуд болон Улаанбаатар Элит олон улсын дунд сургуулийн 21 сурагч, гурван багш энэ хүрээнд хичээлд сууж, соёл, урлаг болон хичээлээс гадуур үйл ажиллагаануудад хамрагдахаас гадна Амритсар хотын Алтан Сүм, Агра хотын Таж Махал, Шинэ Дели хотын Улаан боомт болон бусад дурсгалт газруудаар зочлох хөтөлбөртэй.

Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол улсад суугаа Элчин сайд ноён М.Синг “Монгол-Энэтхэг улс өнө эртний харилцаатай. Яг орчин үеийн албан ёсны харилцаа тогтоосон он цагаа тоолвол 65 жил болжээ. Энэ хүрээнд Монгол Улстай боловсролын хөтөлбөр эхлүүлж байгаадаа баяртай байна. Цаашдаа ч энэ арга хэмжээ үргэлжилнэ. Сурагч солилцоогоор явж байгаа хүүхдүүд, багш нартаа амжилт хүсье” хэмээн нээлтийн үеэр хэллээ.

Айлчлалын үр дүнд хоёр орны залуус хооронд нөхөрсөг дотно харилцаа үүснэ хэмээн үзэж байгаа бөгөөд цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг Эмпати Ертөнц ХХК-ны Ерөнхий захирал Б.Ганбат дурдсан юм.

 Монгол сурагчид ийнхүү нэгдүгээр сард тус улсыг зорих бол Энэтхэгийн ахлах ангийн сурагчид мөн ирэх зургадугаар сард Монгол Улсад зочилж, түүх соёлтой танилцахын зэрэгцээ Эмпати сургуулиудаар зочлох юм байна.

 “Эмпати” салбар сургуулиуд болон “Улаанбаатар Элит” олон улсын сургуульд мэдээлэл технологи, хими, физик, математикийн нийт есөн энэтхэг багш ажилладаг ажээ. Цаашид тус сургууль зөвхөн сурагчаар зогсохгүй багш солилцооны хөтөлбөр эхлүүлэхээр ажиллаж байгаа юм байна.

Санал болгох мэдээ

Жан Тодт:Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, хамтран ажиллах бүрэн боломжтой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн …