“Харанга” хамтлагийн таван уран бүтээлд Төрийн соёрхол хүртээлээ

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн Тулгар мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Төрийн шагнал хүртээх тухай зарлиг гаргалаа.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТӨРИЙН ШАГНАЛ ХҮРТЭЭХ ТУХАЙ ЗАРЛИГТ:

“…Монгол Улсад орчин үеийн хөгжмийн рок урсгалын үндсийг тавин, түгээн дэлгэрүүлж, ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон:

  1. Ц.Чулуунбатын ая, Г.Батхүүгийн үг “Толин хул”,
  2. Ц.Энхманлайн үг, ая “Амьдрал”,
  3. Ц.Чулуунбатын ая, Б.Явуухулангийн шүлэг “Зөвхөн Монголдоо”,
  4. Ц.Чулуунбатын ая, С.Оюуны үг “Үгүйлэн санана ”,
  5. Я.Одсүрэнгийн ая, Ц.Энхманлайн үг “Энэ бол дурлал биш” дуу зохиож Монгол Улсын орчин үеийн хөгжмийн урлагт онцгой хувь нэмэр оруулсан “Харанга” хамтлагийн гишүүн Цэндсүрэнгийн Энхманлай, Цэрэндоржийн Чулуунбат, Хатанбаатарын Лхагвасүрэн, Яринпилийн Одсүрэн, Нэмэхийн Пүрэвдаш, зохиолч, яруу найрагч Санжаажавын Оюун нарт Монгол Улсын Төрийн шагнал хүртээсүгэй” гэжээ.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГИЙГ УНШИЖ СОНОРДУУЛСНЫ ДАРАА МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА “ХАРАНГА” ХАМТЛАГИЙН УРАН БҮТЭЭЛЧДЭД ТӨРИЙН СОЁРХОЛ ХҮРТЭЭЖ, БАЯР ХҮРГЭН:

Монголчууд аа, эрхэм уран бүтээлчид ээ

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн өлзий бэлгэтэй энэ өдөр 2019 оны Монгол Улсын Төрийн шагналыг “Харанга” хамтлагийн уран бүтээлүүдэд хүртээж байна.

1989 онд “Амьдрал” хэмээх анхны тоглолтоо хийсэн “Харанга” хамтлаг замналынхаа туршид монголчуудын таашаалд хүрсэн олон арван бүтээл туурвисан. Тэдгээрээс 10 бүтээлийг онцлон Төрийн шагналд нэр дэвшүүлж Ц.Энхманлайгийн үг, ая “Амьдрал”, Ц.Чулуунбатын ая, Б.Явуухулангийн шүлэг “Зөвхөн Монголдоо”, Ц.Чулуунбатын ая, С.Оюуны үг “Үгүйлэн санана”, Я.Одсүрэнгийн ая,  Ц.Энхманлайн үг  “Энэ бол дурлал биш” Ц.Чулуунбатын ая, Г.Батхүүгийн үг “Толин хул” зэрэг олны сэтгэлд тод буусан таван бүтээлийг нэр цохон шагнаж байгаа юм.

Монголын ард түмний оюун санаа, сэтгэл зүрхэнд хоногшсон онцгой бүтээлүүдийг туурвин Монгол Улсын орчин үеийн хөгжмийн урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан “Харанга” хамтлагийн уран бүтээлүүдэд Монгол Улсын Төрийн шагналыг олголоо.

Хамтлагийн гишүүд Цэндсүрэнгийн Энхманлай, Цэрэндоржийн Чулуунбат, Хатанбаатарын Лхагвасүрэн, Яринпилийн Одсүрэн, Нэмэхийн Пүрэвдаш болон зохиолч, яруу найрагч Санжаажавын Оюун нар хамтдаа Монгол Улсын Төрийн шагнал хүртлээ.

Та бүхэнд уран бүтээлийн шинэ амжилт хүсэж, сайн сайхан бүхнийг ерөөе.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монголын дуу хөгжим өнөд дуурьсан, монгол түмнээ ашид баясгаж байх болтугай” гэлээ.

Санал болгох мэдээ

О.Номинчимэг: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хэсэгчилж зарсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид …