“Сүүн замын сахиул ” киног ирэх 2020 оны гуравдугаар сард Холливудад гаргана

 “Титанс” пикчерсийн  дэлгэцийн анхны  уран бүтээл болох “Сүүн замын сахиул” адал явдалт уран сайхны кино  Монгол улсад албан ёсны  нээлтээ  хийгээд  яг 19 хонож байна. 

“Сүүн замын сахиул ” киноны Монгол дахь албан  нээлт 12-р сарын 5-ны өдөр болсон бөгөөд нээлтийн үеэр киноны уран бүтээлчид ирэх 2020  онд ОХУ, Узбекистан, Киргизстан, Халимаг зэрэг улсуудад киногоо гарахаа мэдэгдсэн юм. Тэгвэл “Сүүн замын сахиул” уран сайхны киног ирэх 2020 оны гуравдугаар сард  Холливудад гарахаар АНУ-ын жүжигчдээр англи дуу оруулалтаа  хийлгэж байгаа тухайгаа кино уран бүтээлчид дуулгалаа.

Сүүлийн үед манай улсын уран бүтээлчдийн бүтээсэн кино гадаадын томоохон олон улсын наадамд амжилттай оролцож байгаа билээ. Харин энэ удаа “Титанс” пикчерсийн  дэлгэцийн анхны уран бүтээл “Сүүн замын сахиул” Монголын уран сайхны кино  Холливудад  Монгол Улсынхаа нэрийг дуурсгахаар болсныг хэлэхэд таатай байна. 

Анх киног бүтээхдээ л зөвхөн Монголдоо биш дэлхийд гаргах том зорилготойгоор өндөр төсөв заран хийж, олон улсын стандартын дагуу бүтээжээ. Уг бүтээлийг Холливудад гаргах болсонтой холбогдуулан  IPTV болон телевизүүдэд  таван жилийн хугацаанд  гаргахааргүй болсон учир  уншигч та бүхнийг яг одоо Монгол улсын бүх  кино театруудад  гарч байх үед нь амжих үзэхийг киноны уран бүтээлчид уриалаа.

https://youtu.be/xdgxdKNYoO4

Чингис хааны хас буу тамганы сахиулуудын тухай өгүүлэх “Сүүн замын сахиул” адал явдалт уран сайхны киноны  зохиолчоор  Т. Амар, ерөнхий продюсероор С. Баатархуяг , ерөнхий найруулагчаар Ардын жүжигчин Цагааны Цэгмидийн ач, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатарын том хүү Анар  ажиллажээ.

Уг киноны гол дүрд бидний сайн мэдэх “Рэкетир” киноны Саяны дүрийг бүтээн, кино урлагт өөрийгөө тамгалсан Казахстан улсын алдарт жүжигчин Саят Исембаев тоглосон бол Монгол уран бүтээлчдээс гавьяат жүжигчин Ц.Төмөрхуяг, Д.Гүрсэд  Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин С.Болд-Эрдэнэ, С.Ариунбямба, А.Баттүшиг, Ч.Болд, залуу уран бүтээлчид  Б. Эрдэнэхүү, Ч.Ганбаатар, Б.Сүйхцагаан зэрэг жүжигчид тоглосон юм. Харин  туслах дүрд Монголын  кино урлагийн  салбарт төд мөрөө үлдээсэн эрхмүүд болох  Төрийн шагналт, гавьяат жүжигчин Ц. Төмөрбаатар, гавьяат жүжигчин Г.Золбоот, гавьяат жүжигчин Ё.Цог, гавьяат жүжигчин Ж.Оюундарь  нарын уран бүтээлчид тогложээ.

Тус кино нь нүүдэлчин ард түмний өв соёл, ёс заншил, үнэт зүйлсийн тухай өгүүлэх бөгөөд Монгол, Казах, Өвөр Монгол, Орос, Буриад зэрэг монгол туургатан нэгдэж эртнээс эдүгээг хүртэл Их хааны тамгыг зуун дамжин хамгаалж байгаа тухай эртний үе, орчин үе хосолсон бүтээл юм.

Санал болгох мэдээ

“Орлон тоглогч” ОАК-ны уран бүтээлчид үзэгчдэдээ зориулсан тусгай үзвэр зохион байгуулав

“17” продакшн Voo-тэй хамтран “Орлон тоглогч” олон ангит кино бүтээн, үзэгчдэд хүргэж буй. 16 ангит …