Монгол инженерүүд олон улсын ур чадварын тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртжээ

БНХАУ-ын Бээжин болон Шандунь мужийн Жинань хотноо олон улсын эрчим хүчний салбарын инженерүүдийн ур чадварын тэмцээн 2019.11.27-12.03-ны өдрүүдэд боллоо.

Цахилгаан тоноглол угсрах гурван төрөлт тэмцээнд БНХАУ, ОХУ, Монгол, Беларусь, Казахстан, Узбекистан, Азербайжан, Тажикстан, Афганистан, Киргиз, Шри-Ланк, Камбож, Турк, Армен зэрэг 14 орны 40 гаруй инженер өрсөлдөв.

Инженерүүд сугалааны дагуу гурван бүлэгт хуваагдан нэг фазын цахилгаан тоолуур солих, гурван фазын гурван утаст болон дөрвөн утастай цахилгааны тоолуурт дүн шинжилгээ хийх, гурван фазын цахилгаан тоолуурын холболт хийх төрөлд ур чадвараа сорьсон юм.

Монгол Улсыг төлөөлөн Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Цахилгааны хэлтсийн дарга Д.Батзоригийн удирдлага дор цахилгааны хэлтсийн мэргэжилтэн Г.Мөнхтөр, Эрчим хүчний хөгжлийн төвийн Захиалагч, хяналтын хэлтсийн дарга Л.Батхүү нар оролцлоо.

Гурван төрлийн нийлбэр дүнгээр:

-Эрчим хүчний хөгжлийн төвийн Захиалагч, хяналтын хэлтсийн дарга Л.Батхүү алт

-Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Цахилгааны хэлтсийн мэргэжилтэн Г.Мөнхтөр мөнгөн медаль тус тус хүртэж, багийн дүнгээр III байрт бичигдсэн амжилт үзүүллээ.

Олон улсын эрчим хүчний салбарын инженер, ажилчдын харилцаа холбоог сайжруулах, туршлага солилцох замаар мэргэжилтнүүдийн ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой энэхүү тэмцээнийг цаашид жил бүр уламжлал болгон байгуулахаар төлөвлөж байгаа гэдгийг шагнал гардуулах ёслолын үеэр онцолж байв.

Тэмцээнийг “Бүх Хятадын Цахилгаан түгээх сүлжээ” корпорацаас зохион байгуулжээ.

Санал болгох мэдээ

Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжлөн батламж гардууллаа

Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг тамирчдыг үндэсний нэгдмэл үнэт зүйл, бахархлыг дэлхий дахинд …