Дизайнер Г.Өнөржаргал: Мода Монголоос эхлэх хандлагатай болсон

Гоёл-2020 наадмын шилдэг дизайнер Г.Өнөржаргалтай ярилцлаа. Тэрбээр энэ жил өдөр тутмын хувцасны шилдэг дизайнераар шалгарсан бөгөөд хилийн чанадад ажиллаж амьдардаг учраас тун удахгүй буцах гэж байгаа ажээ.

Ярилцлагынхаа эхэнд Гансүхийн Өнөржаргалын талаар товчхон танилцуулгыг уншигч танд хүргэе. 

– 1999-2006 онд ШУТИС-ийг “Хувцасны зураач-Загвар зохион бүтээгч” хос мэргэжлээр төгссөн.

– 2011-2016 онд Шанхай хотод “Дунхуа” их сургуульд “Хувцасны загвар зохион бүтээгч” мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан.

– 2016 оноос Хятадын хувцас загварын томоохон төлөөлөгчдийн нэг болох “NE.TIGER” компанид хээ-чимэглэлийн зураач, материалын дизайнераар ажилласан.

– 2017 оноос Монгол-Өвөр Монголын Үндэсний хувцас, өв соёлын нийгэмлэгийн Зөвлөх багшаар ажиллаж байна.

– 2018 онд ӨМӨЗО-ны нийслэл Хөх хотод “ЗОРТОЙ” /ZORTO/ брэндийг үүсгэн байгуулж, өдөр тутам, гоёл, үндэсний хувцасны чиглэлээр амжилттай ажиллаж байна.

Уран бүтээл, амжилтуудаас:

– 2010 онд “10 өнгө” хамтарсан үзэсгэлэн гаргасан.

– 2010 онд ОУ-ын Залуу дизайнеруудын үзэсгэлэнд шалгарсан.

– 2013, 2014 онуудад 8, 9 дэх удаагийн “Pheonix Cup” Олон улсын наадмаас- Хүрэл, Алтан цом хүртсэн.

– 2014, 2015 онуудад дэлхийн алдарт “YKK” брендийн нэрэмжит “YKK Cup-9, 10” тэмцээнээс- Тусгай байр, Хүрэл цом хүртсэн.

– 2014 онд “Хятадын Олон Улсын Материалын дизайн” наадмын Тусгай байранд орсон.

– 2016 онд Олон улсын залуу дизайнеруудын “CUORI CUP” наадмаас- Хүрэл цом тус тус хүртсэн.

– “Гоёл-2020” наадмын өдөр тутмын хувцасны төрөлд “Шилдэг дизайнер”-аар шалгарсан.

– Юуны өмнө “Гоёл-2020” наадамд өдөр тутмын хувцасны төрөлд “Шилдэг дизайнер”-аар шалгарсанд баяр хүргэе!

– Баярлалаа.

– Шинэ загварынхаа онцлогоос танилцуулаач?

– Органик гаралтай байгалийн материалуудыг нэгтгэн хэрэглэж, жишээлбэл могойн арьс, цэвэр торгон даавууг хослуулан уламжлалт зээгт намаал, цоолборт хамтгамлын аргыг орчин үеийн технологиор туршин хэрэглэсэн. Монгол үндэсний онцлогоос шингээн өдөр тутамд өмсөхүйц болгон ердийн хэрэглээнд илүү ойртуулахыг хичээсэн.

– Таны танилцуулгаас харахад хувцас загварын салбарт 20 жил болжээ. Анх энэ мэргэжлээ сонгох болсон тухайд сонирхож асуумаар санагдлаа?

– Миний ээжийг Б.Дугармаа гэдэг. Хувцас загварын салбарт анх ЗХУ-д бэлтгэгдэж ирсэн мэргэжилтнүүдийн нэг. Одоо хүртэл энэ салбартаа багшилж байна. Багаасаа ээжийнхээ ажил дээр очиж, оёдлын үйлдвэр дотор тоглож өссөн болохоор их дотно байдаг. Ээжээсээ бага багаар суралцсаар мэргэжилдээ улам дурласан.

– Холын хүнээс үг сонс гэдэг дээ. Та сүүлийн жилүүдэд гадаадад мэргэжлээрээ ажиллажээ, салбарын ялгаа хэр байна?

– Манай дизайнерууд гадаадад ур чадвараараа илт ялгарч, өндөр үнэлэгддэг. Харин авьяас чадвараа үнэлүүлэх боломж, бүтээгдэхүүнээ нийтэд илүү таниулах менежмент, үйлдвэрлэгч орон биш учраас материал түүхий эдийн мэдээлэл болон олдоц маш хомс юм шиг санагддаг. Хувцас загварын салбарын орчинг илүү нээлттэй, өргөн хүрээнд, харилцан уялдаатай хөгжүүлэх боломжийг тал талаасаа анхаарах ёстой байх.

– Та загварын их хотуудын нэг Шанхайд ажиллаж, амьдарсан тухайгаа хуваалцаач?

– Шанхайд зэрэг ахиулан суралцахын хажуугаар олон улсын дизайнеруудаас суралцаж, өөрийнхөө түвшинг мэдэх үүднээс олон тэмцээн уралдаан, загварын шоунд оролцдог байсан. Бодит талбар дээрээс буюу загварын шоу, тэмцээнүүдээс би их зүйл сурсан. Мөн Хятадын загварын томоохон төлөөгчдийн нэг, урлагийн одод болон улс төрийн томчуудын хувцсыг тусгайлан урладаг NE-Tiger брэндийн Шанхайн салбарт ажиллах боломж олдсон нь хамгийн том туршлага болсон.

– Гадаадад нэрээ гаргаж яваа дизайнеруудаас дурдвал?

– Бүр хүүхэд наснаасаа хамтдаа энэ салбарт суралцаж, хийж бүтээж яваа хүмүүс гэвэл дизайнер Овдогмэд Италид, дизайнер Хонгорзул Германд өөрийн брэндийг үүсгэн амжилттай яваа, мөн Биндэряа гадаадад мэргэжлээрээ ажиллаж байгаа. Дизайнеруудаас гадна загвар өмсөгчид гадаадад өндрөөр үнэлэгддэг. Үүний нэг жишээ нь Баярсайханы Ганчимэг загвар өмсөгч, фото моделиор баруунд ажиллаж байгаад одоо Холливудын хэмжээнд хүрсэн байна. Эндээс Монголын загварын салбарынхан чадварлаг гэдэг нь харагдаж байна.

– “Мода Монголоор дуусдаггүй” гэдэг үгтэй санал нийлдэг үү?

– Мода Монголоор дуусахгүй, харин ч Монголоос эхлэх хандлагатай болсон гэж хэлэхэд хэтрүүлэг болохгүй байх. Монголын хувцас загвар өөрийн гэсэн онцлогтой, тэрийг нь дэлхий олж харчихаад байгаа. Жишээлбэл, сүүлийн жилүүдэд дэлхийн томоохон загварын шоунуудад Монгол хувцасны элементүүд хүчтэй орж ирсэн. Энэ оны хамгийн сүүлийн China fashion week-д Монгол дээл бүтэн коллекциор гарч ирлээ. Яг энэ үед нь зах зээлээ тэлэх боломж байгааг илүү анхаарч ажиллах ёстой болов уу.

– Таны бодлоор ингэж анхаарах эхний алхам юу вэ?

– Хүмүүсийн дунд дизайнер буюу загвар зохион бүтээгч гэж зөвхөн зураг зураад сууж байдаг гэсэн ойлголт түгээмэл. Үүнийгээ дагаад хувцас загварын салбарыг их амархан гэж ойлгох гээд байдаг. Дэлхий нийтийн одоогийн хандлага дизайнер бол бүтэн төслийн зохиогч, эхлэл гэдгийг маш сайн ойлгодог. Энэ хандлагаараа тухайн төсөл амжилттай болж, удаан өгөөжтэй үргэлжилдэг. Төслийн хэмжээнд ойлголтоо өөрчлөх нь хамгийн эхний чухал алхам.

– Сүүлийн үед шинэ брэнд, загварын салонууд маш олон болсон. Бүтээгдэхүүний чанар болон үнэ нь маш зөрүүтэй байх юм.

– Энэ бол аливаа салбарын зах зээлд байдаг л зүйл. Хэрэглэгчдэд сонголт их байна гэдэг нь нэг талаараа зөв. Мэргэжлийн болон мэргэжлийн бус гэдэг нь хийсэн бүтээлээрээ ялгарчихдаг. Гэхдээ мэргэжлийнхний хажуугаар сонирхогчдыг ч орхигдуулахгүйгээр хөгжүүлэх нь зүйтэй. Бүгд хамтдаа зүтгэж салбарынхаа хөгжилд хувь нэмэр оруулж байгаа.

Г.Энх

Санал болгох мэдээ

Жүжигчин Б.Тэргэл “Asian Film Awards 2024” наадмаас “Шилдэг шинэ жүжигчин” шагнал хүртлээ

Азийн нэр хүндтэй наадамд зүй ёсоор тооцогддог “Asian Film Awards 2024”-д  Монгол Улсаас анх удаа …