“Сүүн замын сахиул” МУСК кино нээлтээ хийлээ

“Титанс” пикчерсийн дэлгэцийн анхны уран бүтээл болох “Сүүн замын сахиул” адал явдалт уран сайхны кино өнгөрсөн арваннэгдүгээр сарын 25-ний өдөр “Хранители” нэрээр Казахстан улсын Алматы хотын Lumiera Cinema-д нээлтээ хийсэн билээ. Тэгвэл Монгол Улс дахь албан ёсны нээлт өчигдөр “Корпорэйт” конвеншн центрт боллоо.

Чингис хааны хас буу тамганы сахиулуудын тухай өгүүлэх “Сүүн замын сахиул” адал явдалт уран сайхны киноны зохиолчоор Т. Амар, ерөнхий продюсероор С. Баатархуяг , ерөнхий найруулагчаар Ардын жүжигчин Цагааны Цэгмидийн ач, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатарын том хүү Анар ажиллажээ.

Уг киноны гол дүрд бидний сайн мэдэх “Рэкетир” киноны Саяны дүрийг бүтээн, кино урлагт өөрийгөө тамгалсан Казахстан улсын алдарт жүжигчин Саят Исембаев тоглосон бол Монгол уран бүтээлчдээс гавьяат жүжигчин Ц.Төмөрхуяг, Д.Гүрсэд Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин С.Болд-Эрдэнэ, С.Ариунбямба, А.Баттүшиг, Ч.Болд, залуу уран бүтээлчид Б. Эрдэнэхүү, Ч.Ганбаатар, Б.Сүйхцагаан зэрэг жүжигчид тоглосон юм. Харин туслах дүрд Монголын кино урлагийн салбарт төд мөрөө үлдээсэн эрхмүүд болох Төрийн шагналт, гавьяат жүжигчин Ц. Төмөрбаатар, гавьяат жүжигчин Г.Золбоот, гавьяат жүжигчин Ё.Цог, гавьяат жүжигчин Ж.Оюундарь нарын уран бүтээлчид тоглосныг дуулгатай таатай байна.

Киноны багийнхан, урлаг, соёлын зочид оролцсон “Сүүн замын сахиул ” киноны нээлтийн үеэр давхар баяр тохиосон нь тус киноны ерөнхий найруулагч Т. Анар, ерөнхий зураглаач Б. Баатар нар “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр энгэрээ мялаалаа.

Мөн тус уран бүтээлд Монгол, Орос, Казакстан зэрэг гурван улсын уран бүтээлчид хамтран тоглосон бөгөөд киноны зураг авалтыг Монгол, Орос , БНХАУ-ын Шанхай хотноо хийснээрээ онцлог болжээ.

Уг бүтээл нь эртний өв уламжлалаа одоогийн залуус мартах учиргүй, өвөг дээдсээс уламжилж ирсэн соёл, ёс заншлаа алдалгүй сахих ёстой гэсэн санааг залуу үедээ харуулахыг зорьжээ.

“Титанс” пикчерсийн уран бүтээлчид “Сүүн замын сахиул ” киногоо ирэх 2020 онд ОХУ, Узбекистан , Дагестан зэрэг улсын үзэгчдэд хүргэхээр төлөвлөсөн тухайгаа нээлтийн үеэрээ дуулгасан юм.

Санал болгох мэдээ

“Орлон тоглогч” киноны эхний бүлгийн 9 анги үзэгчдийн хүртээл боллоо

“17” продакшн Voo-тэй хамтран “Орлон тоглогч” 16  ангит кино бүтээсэн бөгөөд  киноны эхний бүлгийн 9 …