Нийслэлийн ЕБ-ын 55 дугаар сургууль “Нээлттэй хаалга”-ны өдөр зохион байгууллаа

Жил бүрийн 12 дугаар сарын 3 -ны хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан Нийслэлийн ерөнхий боловсролын 55 дугаар сургууль ХБИ-ний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, тусгай хэрэгцээт боловсролын чанар хүртээмжийг сайжруулах, сургуулийн үйл ажиллагааг эцэг эх, олон нийтэд сурталчлах “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зургаа дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

Энэ өдөр тус сургуулийн 505 сурагчдын эцэг эх, асран хамгаалагчид, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Тэргэнцэртэй иргэдийн холбоо, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн улаан загалмайн клуб гэх нийт 200 гаруй хүмүүс 55-р тусгай сургуулийн дэргэдэх хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өдөр өнжүүлэх төв, цайны газар, ариун цэврийн байгууламж, тайвшруулах мэдрэмжийн өрөө, хэл засал, хөдөлгөөн засал, ахуй заслын өрөөнүүд, аутизмтай хүүхдийн зориулалтын анги болон бусад анги танхимыг үзэж сонирхсоны зэрэгцээ сургалтын үйл явц, сургалтын хөтөлбөр төлөвлөгөө, ялангуяа ганцаарчилсан хичээлийн төлөвлөгөөтэй танилцлаа.

Тус сургууль ахлах ангийн сургалтаар оюуны хүндэвтэр бэрхшээлтэй хүүхдүүдэд мэргэжлийн боловсрол олгодгоороо онцлог бөгөөд энэ хичээлийн жил цэцэрлэгчин – ногоочны мэргэжлийн ангийг шинээр нээж байгаа бол хоол нарийн боов, зочид буудлын өрөөний үйлчлэгчийн мэргэжлээр сурагчдыг төгсгөн ажлын байранд шилжүүлэх юм байна.

Сургуулийн хамт олны улсдаа анх удаа бүтээн байгуулсан дээвэр дээрх өвлийн хүлэмж, хичээлийн хэрэглэгдэхүүний өрөө өдөр өнжүүлэх төвийн үйл ажиллагаа нь илүү онцлог сонирхолтой байлаа.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Б.Саранчимэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг шатрын спортоор хичээллэх нөхцөл боломжийг бүрдүүлж “Ногоон бэрс” шатрын клубээ нээлээ.

БЗД-ийн эрүүл мэндийн төвөөс хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон сурагчдын эцэг эхчүүдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүллээ. Тус үзлэгээр элэгний В,С вирусын илрүүлэг, хеликобактер, жингийн дутагдалтай хүүхдүүдэд нэмэлт хүнсний бүтээгдэхүүн, витаминжуулалт, ахлах ангийн сурагчдад БЗХӨ-ний тухай зөвлөгөө өгч ажиллаа.

Нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр сургуулийн товч танилцуулга хийгдэж, зочид сургалтын орчин, өдөр тутмын үйл ажиллагаатай танилцаж, багш сурагчдын бүтээлийн үзэсгэлэн худалдаа, “Үдийн хоол” хөтөлбөрийн амталгаат үзэсгэлэн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн оношлогоо, үнэлгээ тус тус зохион байгуулагдлаа.

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …