Жолооч та өдөрт 276 төгрөг төлөөд жилийн турш засвар арчлалт бүрэн хийгдсэн замаар зорчих боломжтой

Уншигч та 20.000 төгрөгөөр юу хийж чадах вэ. Хүнсний хувьд хоёр талх, 5 кг гурил, 1 кг будаа авч болох юм. Харин бүтээн байгуулалтын хувьд энэ мөнгөөр юу бүтээж чадах бол. Хашаан дахь явган хүний замыг энэ мөнгөөр засварлаж хүрэх үү. Аль эсвэл орон сууцны дундах нийтийн талбайн нэг хэсгийг тохижуулж дөнгөх үү. Үгүй дээ тактаа энэ мөнгөөр засварлаж, өнгө үзэмжийг нь дээшлүүлье гэвэл, хүрэлцэх болов уу. Мэдээж аль аль нь бүтэшгүй зүйл.

Тийн атлаа жилдээ нэг удаа 20.000 төгрөг авто зам ашигласны төлбөрт тушаачихаад эвдрэлгүй, энхэл тонхолгүй замаар зорчихыг иргэд бид шаарддаг. Мэдээж иргэн та үүргээ биелүүлсэн тул ийм шаардлага тавих нь зүйн хэрэг. Гэвч авто зам ашигласны хураамж болгон хураадаг 20.000 төгрөг хаанаа ч хүрэлцдэггүй гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Энэ зардлаар жилээс жилд урд хормойгоо авч, хойд хормойгоо нөхнө гэгчийн үлгэрээр энхэл донхолтой гурван зам тутмын аль нэгийг нь засаж нөхөх байдлаар өдөр хоногийг өнгөрүүлж ирсэн аж.

Зам тээврийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтний хэлж байгаагаар зам засварын арчлалтын мөнгө жилээс жилд буурах болсон. Өмнө нь 55-60 тэрбум төгрөг төсөвлөдөг байсан бол сүүлийн 6 жилд 20 тэрбум төгрөг болгон бууруулжээ.

Сүүлийн хэдэн жил их хэмжээний бороо орсны улмаас нийслэлд бараг бүтэн зам үлдээгүй гэхэд хилсдэхгүй биз. Нарны зам, Үйлдвэр комбинат, Гурвалжингийн гүүр, 22-ын товчоо, 3, 4 дүгээр хороолол, Бөмбөгөр худалдааны төв, Гандан, Хархорин, Зурагт, Баянхошуу, Дарь-Эх гээд л тоочоод байвал нийслэлд эвдрээгүй, цоороогүй зам бараг үгүй. Хөөгөөд явбал А бүс гэгдэж буй хотын төвийн зам ч хагаралтай, эвдрэлтэй. Хотын замын насжилт богино, арчилгаа, хийц муу байдгийн хамгийн тод жишээ нь, энэ. Эвдэрхий замаас болж жолооч нарын тэвчээрийг барж, автомашины эд анги эвдрэх нөхцөл бүрдэж, үүнээс илүүтэй авто осол гарах нөхцөл болдогн. Тодруулбал, эвдэрхий замаас болж иргэд эрүүл мэнд, эд хөрөнгө, амь насаараа хохирч байна. Эвдэрсэн замаар тойрч гарах гэж байгаад багахан хэмжээний осол гаргахад л хамгийн доод тал нь 50-100 мянган төгрөгийн нөхөн төлбөр төлж, машин жолоодох эрхийн онооноосоо хасуулахын сацуу осол гаргасан гэдэг үндэслэлээр дахин 50-100 мянган төгрөгийн торгууль төлж, цаашлаад гэмт хэрэгтэн болох ч эрсдэл бий. Зүгээр л эвдэрсэн зам тойрч гарсны төлөө шүүдээ. Мэдээж жолоочийн авхаалж самбаа, сонор сэрэмжийг шаардаж байгаа ч хэдий болтол та бид ан цав үүссэн, хагарсан, эвдэрсэн замаар нийслэлчүүд зорчих вэ. Нөгөө талаар туслах замуудын эвдрэл нь зохиомол түгжрэл үүсэх гол шалтаг болж байгаа юм.

Тэгвэл асуудлыг шийдэх гарц байна. Нийслэлийн жолооч та ирээдүйн ая тух, тавтай зорчих боломжийг бүрдүүлэхийн тулд сард 8300 төгрөг, үүнийг өдөрт хуваан үзвэл өдөртөө 276 төгрөгийг авто зам ашигласны төлбөрт тушаахад болох юм байна.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанаар “Нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр авах журам”-ыг баталдаг. 2013 онд тус журам шинэчлэгдэж Нийслэлийн авто зам ашигласан төлбөрт “суудлын автомашин” 20 мянган төгрөг жилд нэг удаа төлж байхаар тогтоож байсан. Тэгвэл энэхүү журмыг шинэчилж, “Авто зам ашигласны төлбөрийг автомашины хөдөлгүүрийн багтаамжаас нь хамаарч жилд нэг удаа 100 мянган төгрөгөөс дээш талбөр төлүүлэхээр төлөвлөжээ.

Ингэснээр зам засвартай холбоотой өмнө нь тулгарч байсан хүндрэл бэрхшээлтэй асуудлууд эцэслэгдэнэ гэдгийг албаныхан хэлж байна. Өөрөөр хэлбэл, өнөөдрийг хүртэл та бидний төлж ирсэн 20.000 төгрөгөөр авто замын байгууламж шинээр барих, шинэчлэх эвдэрч сүйдсэн зам бүрийн засвар арчлалтыг хийхэд төсөв хүрэлцдэггүй байсан аж. Харин сард 8300 төгрөг буюу жилд нэг удаа 100.000 төгрөгийг авто зам ашигласны төлбөрт тушааснаар эвдрэлгүй, хатуухан хэлэхэд, ганц ч нүхгүй, энхэл донхолгүй замаар зорчих боломж нөхцөл бий болно гэдгийг нийслэлийн удирдлагууд“амлаж” байгаа юм.

Улмаар авто замын эвдрэл үгүй болсноор иргэн таны автомашины бүрэн бүтэн байдал хангагдаж, аваар, осолгүй, аюулгүй, амар амгалан, ая тухтай зорчих боломж нөхцөл бүрдэнэ гэдгийг санахад илүүдэхгүй биз. Өнөөдрөөрөө амьдарсан монголчуудын өөнтөгч зан зөв зүйлд хөтлөөгүйг уншигч та алхам тутамдаа мэдэрч буй биз. Иймээс алсыг харсан зоримог үйлдэл, түүнийгээ түшиглэсэн хөрөнгө оруулалт юу юунаас гэж харж байна.

Санал болгох мэдээ

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг хүлээн авлаа

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Ц.Цогтбаатар өнөөдөр (2024.03.29) Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан …