Н.Цэрэнбат: Монгол Улс уул уурхайгаас үүдэлтэй сөрөг нөлөөллийг бууруулах жишиг судалгааны төвтэй боллоо

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд 2016 онд Монгол Улсад уул уурхайгаас үүдэлтэй сөрөг нөлөөллийг бууруулах, байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай уул уурхайг хөгжүүлэх, нөхөн сэргээлтийн чиглэлээр сургалт судалгааны төв байгуулах замаар нөхөн сэргээлт хийх чадавхийг сайжруулах зорилготой хэлэлцээр байгуулсан. Энэ хүрээнд БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлагын 5.8 сая ам.долларын буцалтгүй тусламжаар 2125 м2 талбайтай лекц, лаборатори, мэдээллийн танхим бүхий судалгаа, шинжилгээний төв байгуулж, Монгол Улсын Засгийн газарт хүлээлгэж өглөө.

Судалгаа, шинжилгээний төв нь Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутагт Арцатын задгайд /Яармагийн эмнэлгийн зүүн талд/ 1 га талбайд байрлаж байна.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат төвийг хүлээж авах ёслолын үйл ажиллагаанд оролцохдоо “БОАЖЯ-ны харьяанд ажиллах Байгаль орчны судалгаа, шинжилгээний төвийн үйл ажиллагаа нь  үйлдвэрлэл, үйлчилгээнээс үүсч болзошгүй бохирдол, доройтлоос урьдчилан сэргийлэх, үүссэн тохиолдолд бохирдлыг бууруулах, нөхөн сэргээх, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхтэй холбоотой сургалт, сурталчилгаа явуулах жишиг төв болно гэдэгт итгэлтэй байна. Яамны зүгээс орон нутгийн байгаль орчны ажилтнууд, ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллагууд, байгаль орчны чиглэлээр ажиллаж буй төрийн бус байгууллага, судлаачид, оюутан, сурагчдад байгаль орчны чиглэлээр мэдээлэл өгөх, сургах, дадлагажуулах, судалгаа  хийх,  байгальд ээлтэй ногоон техник технологи, арга ажиллагааг хөгжүүлэхэд чиглэн ажиллана” хэмээсэн юм.

Уул уурхайн сөрөг нөлөөллийг бууруулах менежментийн мастер төлөвлөгөө боловсруулах ажлын хүрээнд УУХҮЯ, МХЕГ, АМГТГ, БСШУЯ, ХАХНХЯ, МУИС, ШУТИС-ийн төлөөллийг оролцуулсан төслийн зөвлөх багийг 2016 онд байгуулсан. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд уул уурхайн компаниуд, энэ чиглэлийн төрийн бус байгууллагууд, мэргэжлийн байгууллагуудтай мөн хамтран ажиллаж цаашид хийх ажлууд, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхтэй холбоотой асуудлын шийдлийг тодорхойлсон мастер төлөвлөгөөг эцэслэн боловсруулах болно. КОЙКА байгууллагаас энэхүү төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг хамтран зохион байгуулахаар Мерико МГЛ ХХК-ийг томилон ажиллуулж байна.


Холбоотой мэдээлэл

Comments are closed.