С.Чулуунхүү: Түүхий эд, бүтээгдэхүүний гэрчилгээний төлбөрийг “Ebarimt” аппликэйшнээр төлөх боломжтой

Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв” улсын үйлдвэрийн газрын захиргааны албаны менежер С.Чулуунхүүтэй ярилцлаа. Тэрбээр “Ebarimt” аппликэйшний нэмэлт үйлчилгээ болон НӨАТ-ын буцаан олголт, сугалааны талаар мэдээлэл өгсөн юм.

-“Ebarimt” аппликэйшн ашиглан төрийн ямар үйлчилгээний төлбөр төлөх боломжтой вэ?

-Төрийн үйлчилгээний төлбөр, тооцоог энэ оны аравдугаар сарын 16-наас “Ebarimt” аппликэйшн ашиглан төлөх боломж бүрдсэн. Тухайлбал, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 39 төрлийн үйлчилгээ, авто тээврийн татварыг тус аппликэйнээр төлөх боломжтой. Мөн мал, амьтан, ургамал, тэдгээрээс гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспорт, импортын гэрчилгээний төлбөр төлөх үйлчилгээг тус аппликэйшнд нэмж нэвтрүүллээ. Иргэн гэрчилгээгээ МХЕГ-аас авах юм. Түүнчлэн авто тээврийн хэрэгслийн гэрчилгээг заавал Татварын албанаас бус, цахим шуудангаар авах боломжтой. Харин УБЕГ, МХЕГ-аас үйлчилгээ авахын тулд заавал очих шаарлагатай. Зөвхөн үнэ хөлс бүхий үйлчилгээнд НӨАТ-ын сугалаатай баримт олгоно. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу татвар, хураамж төлөхөд сугалаатай баримт олгохгүй. Жишээлбэл, УБЕГ-аас иргэний үнэмлэх анх удаа захиалахад үйлчилгээний хөлс 15 мянга, тэмдэгтийн хураамжид 3300 төгрөг төлдөг. Үүнд сугалаатай баримт олгоно. Авто тээврийн хэрэгслийн татвар төлөхөд сугалаатай баримт олгохгүй гэсэн үг. Цаашид төрийн 25 байгууллагын 185 үйлчилгээг тус аппликэйшнд нэврүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр иргэд цаг хугацаа алдах, банканд илүү шимтгэл төлөх зэрэг асуудлыг шийдэх юм. Иргэд дээрх үйлчилгээнд 1-3 минут л зарцуулна. “Ebarimt” аппликэйшний шинэчилсэн хувилбарыг гар утсандаа суулгаснаар уг үйлчилгээг авна.

-Энэ оны НӨАТ-ын буцаан олголтыг хэзээ иргэдийн дансанд шилжүүлэх юм бол?

-Холбогдох журмын дагуу НӨАТ-ын 2019 оны буцаан олголтыг ирэх оны эхний улиралд багтаан шилжүүлнэ. Иргэд “Ebarimt” аппликэйшнд бүртгэлтэй овог, нэр, регистрийн дугаар, банкны нэр, дансны дугаар зэргийг алдаагүй, бүрэн оруулсан, эсэхээ шалгаарай. Хэрэв тухайн иргэний нэр, банкны дансны дугаар зөрүүтэй бол “Ebarimt” систем дэх хувийн мэдээллээ засах шаардлагатай.

-Хэзээнээс эхлэн НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутамд өгөх вэ?

-Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгад заасны дагуу НӨАТ-ын буцаан олголтын урамшууллыг ирэх оноос улирал тутамд олгоно.

-НӨАТ-ын сугалааны тохирлыг ямар журмаар явуулдаг юм бол?

-Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журмын дагуу НӨАТ-ын сугалааг сар бүрийн гурав дахь долоо хоногийн ням гарагт явуулж байна. Сугалааны тохирлыг өмнөх сарын, баталгаажсан төлбөрийн баримтуудаас тодруулдаг. Тохирол явуулахаас нэг хоногийн өмнө өнгөрсөн сарын баримтаа бүртгүүлэх шаардлагатай. Тухайлбал, ирэх сарын 15-ны сугалааны тохиролд арваннэгдүгээр сарын 1-30-нд бүртгүүлсэн нийт төлбөрийн баримт хамаарах юм. Гэхдээ арванхоёрдугаар сарын 14-ний 23.59 цагаас өмнө баримтаа бүртгүүлэх шаардлагатай. Баталгаажсан баримтуудаас санамсаргүй түүврийн арга буюу бөмбөлөг үлээлгэх зарчмаар азтан тодруулдаг. Мөн Сангийн яам, ЦЕГ, Татварын ерөнхий газар, Стандарт, хэмжил зүйн, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газар сугалааны үйл ажиллагааг сар бүр хянадаг. Сугалаа нь үндсэн болон супер гэсэн хоёр төрөлтэй. Үндсэн сугалааны тохирлоор сүүлийн гурван орон таарсан бол 30, дөрөв нь тохирсон бол 100 мянган төгрөг хождог. Сугалааны сүүлийн таваас найман орон таарсан бол нэг, тав, 10, 50 сая төгрөг хожно. Супер сугалааны хонжворыг найман орон таарсан тохиолдолд хожих боломжтой. Мөнгөн дүн нь 50 сая төгрөгөөс эхэлдэг. Тухайн сард супер азтан тодроогүй бол дараагийн сарын сугалааны дүн 10 сая төгрөгөөр нэмэгддэг юм.

-НӨАТ-ын сугалаанд нэг саяас илүү төгрөг хожвол шагналаа авахын тулд хэд хэдэн материал бүрдүүлдэг байх аа?

-Тухайн иргэн нэг саяас дээш төгрөг хожвол заавал харьяа Татварын албанд өөрийн биеэр очиж, иргэний үнэмлэхийн хуулбар, төлбөрийн баримт, хүсэлтийн маягт бөглөнө. Хүсэлтээ өгснөөр хонжворын мөнгийг иргэний нэр дээр бүртгэлтэй дансанд ажлын 20 хоногт багтаан шилжүүлдэг. Төлбөрийн баримтаа гээсэн бол ebarimt.mn сайт руу өөрийн нэвтрэх эрхээр орж, сугалаа цэсээс баримтаа хэвлэн авах боломжтой. Харин нэг саяас доош төгрөг хожвол харьяа Татварын албандаа очихгүй, “Ebarimt” аппликэйшн болон ebarimt.mn сайтад нэвтэрч, хонжвороо баталгаажуулах товч дарна. Мөн л ажлын 20 хоногийн дотор иргэний нэр дээр бүртгэлтэй дансанд шагналын мөнгийг шилжүүлдэг.

Бэлтгэсэн: Б.Нандин

Санал болгох мэдээ

НИТХ-ын ээлжит хуралдаан өнөөдөр болно

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXII хуралдаан өнөөдөр /2024.04.18/ 10:00 цагт хуралдана. Хуралдаанаар: -Нийслэлийн хэмжээнд агаар, орчны …