“Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн хувь нийлүүлсэн хөрөнгийг өсгөх тухай асуудлыг зөвшилцлөө

Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Монгол,  Оросын  хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгт Японы Олон улсын хамтын ажиллагааны банкнаас төмөр замын тээврийг сэргээн сайжруулахад зориулан олгосон МОН-П1, МОН-П2 хөнгөлөлттэй зээлтэй холбоотой төлбөрийн үлдэгдлийн хэмжээгээр тус нийгэмлэгийн хувь нийлүүлсэн хөрөнгийг өсгөх тухай УИХ–ын Эдийн засгийн байнгын хороотой зөвшилцөхөөр ирүүлсэн асуудлыг хэлэлцлээ.

Засгийн газрын зөвшилцөх саналыг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин танилцууллаа  

Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг нь Монгол Улсын ачаа эргэлтийн 69.4 хувь, зорчигч эргэлтийн 21.7 хувийг дангаар гүйцэтгэж, тус нийгэмлэг 15.8 мянган хүнийг ажлын байраар хангадаг бөгөөд тээвэрлэлт, туслах үйлдвэрлэл болон нийгмийн чанартай чиглэлүүдийн 58 аж ахуйн нэгжүүдээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Улаанбаатар төмөр замд 15800 гаруй хүн ажилладаг бөгөөд эдний 9800 орчим нь төмөр замын хөдөлгөөнтэй шууд холбоотой ажил үүрэг гүйцэтгэдэг. Үлдэж буй 6000 гаруй хүнийг Улаанбаатар төмөр зам ажлын байраар хангаж, цалин хөлс олгож, нийгмийн ачааллыг нуруун дээрээ үүрч явдаг.

Сүхбаатараас Замын-Үүд чиглэлийн Улаанбаатар төмөр замын суурь бүтэц 25 сая тн ачаа тээвэрлэх хүчин чадалтай гэж тооцоологдсон ч 2018 оны гүйцэтгэлээр 25.8 сая тн ачаа тээвэрлээд байгаа нь өсөн нэмэгдэж буй тээврийн эрэлт хэрэгцээг хангаж чадахааргүй болсон байна гэлээ.

Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дээрх хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах, үйл ажиллагааг нь тасралтгүй хэвийн явуулахад шаардагдах хөрөнгийг тус нийгэмлэгийн хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх замаар хөрөнгө оруулалт хийх нь зүйтэй гэж Засгийн газар үзжээ. 

Японы Олон улсын хамтын ажиллагааны банкнаас төмөр замын тээврийг сэргээн сайжруулахад зориулж олгосон “МОН-П1”, “МОН-П2” хөнгөлөлттэй зээлийн үлдэгдлийн хэмжээ буюу 128.8 тэрбум төгрөгөөр “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх асуудлыг Засгийн газар, Улсын Их Хурлын түвшинд шийдвэрлүүлэхээр танилцуулж байна гэлээ. 

Дээрх асуудлыг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Я.Содбаатар нар “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн үйл ажиллагааг дэмжих нь зүйтэй юм. Тус байгуулагын 400-гаад км төмөр замын засвар арчилалтын томоохон ажлууд хүлээгдэж байна. “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн өрийг үлдэгдлийг цэвэрлэж цаашид өөрөө өөрийг санхүүжүүлээд явах боломжийг бүрдүүлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх уг асуудлыг дэмжсэн тул Байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хороонд хүргүүлэхээр болсон юм.

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …