Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт тоног төхөөрөмж гардуулан өглөө

“Баянхонгор хөгжлийн төлөө сан”-гийн тэргүүн Д.Мөнх-Эрдэнэ аймгийнхаа нэгдсэн эмнэлгийн мэс засал болон эх нярайн тасагт нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг гардуулан өглөө. Энэ хүрээнд орчин үеийн мэс заслын иж бүрэн ор, инкубатор, нярайн шарлалтын аппарат, мэс заслын багаж зэрэг 50-н сая төгрөгийн өртөг бүхий техник, тоног төхөөрөмж багтсан юм.

Тус эмнэлгийн мэс заслын тасаг 65 жилийн түүхтэй хэдий ч төсвөөс өөр санхүүжилт дэмжлэг байхгүй, тус нутгаас сонгогдсон үе үеийн удирдлага, гишүүд эрүүл мэндийн салбарт  анхаарал тавьдаггүйн улмаас мэс заслын ороо шинэчилж чадалгүй 30 жилийн турш хэрэглэж байжээ. Мөн нэгдсэн эмнэлгийн хэмжээнд шарлалтын ганцхан аппараттай түүнийг эмч ажилчид нь өөрсдийн цалинг нийлүүлж, дундаасаа хөрөнгө босгон авсан хэдий ч ачаалал их учир доголдож, эмчилгээ хийхэд хүндрэлтэй байсан талаар эмч, ажилчид учирлаж байв.

Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн их эмч Н.Баттогтох:  “Баянхонгор хөгжлийн төлөө сан”-гийн тэргүүн Д.Мөнх-Эрдэнийн санаачлагаар 30 гаруй жил шинэчлэгдээгүй байсан мэс заслын хагалгааны орыг шинэчлэгдэж байгаа нь түүхэн, тэмдэглүүштэй үйл явдал болж байна. Бид 30 гаруй жил хэрэглэсэн хуучин орон дээр мэс засал хийж болгоод байсан хэдий ч хагалгааны үеэр өвчтөний цээжийг нь өндийлгөх, хөлийг нь өндөрлөх, хажуу тийш нь эргүүлэх зэрэг олон функцианал үйл ажиллагаа шаардлагатай байдаг. Энэ үйл ажиллагаа доголдож, мэс заслыг хэвийн явуулахад хүндрэл учирдаг. Тиймээс би нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байхдаа олон хүнд хандаж байсан ч тодорхой шийдэлд хүрэлгүй өнөөдрийг хүрсэн юм. Харин өнгөрсөн жил хагалгааны өрөөний их гэрлийн асуудал шийдэгдсэн. Энэ жил “Баянхонгор хөгжлийн төлөө сан” санаачлага гаргаж, өөрийн хөрөнгөөр орчин үеийн мэс заслын ор бэлэглэсэн нь мэс заслын тусламж үйлчилгээ, ард түмнийхээ эрүүл мэндэд үнэтэй хувь нэмэр оруулсан сайхан үйл явдал боллоо. Мөн хагалгаа хийхэд нэн чухал багажнуудад шинэчлэлт хийж өгсөнд маш их баяртай байгаагаа хэлээд “Баянхонгор хөгжлийн төлөө сан”-гийн тэргүүн Д.Мөнх-Эрдэнэ болон баг хамт олонд нь Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн ажилчдын нэрийн өмнөөс, Цогтын Магсарын нэрэмжит нэгдсэн эмнэлгийн хамт олны нэрийн өмнөөс халуун талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье.

Нэгдсэн эмнэлгийн төрөх эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч н.Гүндэгмаа: Манай төрөх тасаг жилдээ 1700-2000 жирэмсэн эхийг төрүүлдэг. Энэ төрөлт нь аймгийнхаа нийт төрөлтийн 90 орчим хувийг эзэлдэг. Өөрөөр хэлбэл аймгийн хэмжээний төрөлтийн 90 орчим хувь нь манай эмнэлэгт төрдөг гэсэн үг. Нийт төрөлтийн 10 орчим хувь нь дутуу төрөлт байдаг. Эдгээр дутуу төрсөн нярайн амьдрах орчин буюу дулаан алдуулахгүй байх, эрүүл бойжуулах нөхцлийг бүрүүлэх аппарат бол инкубатор. Инкубатор аппаратын хангамж муугаас дутуу төрөлтийн үеийн тусламж тодорхой хэмжээгээр алдагддаг. Манай тасагт ихэвчлэн тусламжийн шугамаар инкубатор нийлүүлэгддэг боловч байнгын эрэлт хэрэгцээ их учраас эвдрэл, шаталт болсоор одоогоор ганцхан аппараттай байгаа. 2019 оны байдлаар фото эмчилгээний аппарат байхгүй учир бүх ажилчдынхаа хандиваар нэг аппарат авсан ч хүрэлцээ муу, бүх нярайд хүрч чадахгүй байгаа. Гэтэл өнөөдөр Баянхонгор хөгжлийн төлөө сангийн тэргүүн Д.Мөнх-Эрдэнэ дутуу төрсөн нярайг эрүүл саруул бойжуулах, амьдрал бэлэглэх инкубатор аппарат, шарлалтыг эмчлэх аппарат зэрэг төрөх эмэгтэйчүүдийн тасагт нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг бэлэглэсэнд туйлаас баяртай байна. Тиймээс “Баянхонгор хөгжлийн төлөө сан”-гийн тэргүүн Д.Мөнх-Эрдэнэдээ төрөх эмэгтэйчүүдийн тасаг болон аймгийнхаа нийт ард иргэд, эхчүүдийнхээ өмнөөс баярласан талархсанаа илэрхийлж цаашдынх нь ажилд амжилт хүсье.

Санал болгох мэдээ

А.Амбасэлмаа:Өнөөдрийн батлагдсан тохиолдлын зарим нь оюутан, сурагчид байсан

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 578 тохиолдол бүртгэгдээд байна. …