Байгалийн олз ашгаар жаална, яадгийн

Түүх ингэж эхлэв. Монголчууд ганц намтай байсан цаг дор төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Л.Түдэв намын их хурал дээр “Харандаа зоосон ч ургах улсад монголчууд мод гаргаад байхдаа яадаг юм бэ. Байгаль хамгаалах яамтай болъё” гэж уриалжээ. Харандаа зоосон ч ургах улс гэдэг нь Румын улс л даа. Бид Румынаас сайн чанарын мебель авч оронд нь бэлэн мод нийлүүлэн экспорт, импортоо тэнцүүлж байсан хэрэг. Ийнхүү 1992 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн  Монгол Улсын “Засгийн газрын бүтцийн тухай” хуулиар Ой модны аж үйлдвэрийн яам, Уул уурхайн яамыг татан буулгаж суурин дээр нь Байгаль орчныг хамгаалах яам байгуулагдав.Татан буугдсан УУЯ-ны сайд сайдаар, ОМАҮЯ-ны сайд орлогч сайдаар томилогдон шинэ яамны хуучин сайдууд болов.Сайхан монгол арга шүү. Хожим байгалиа хамгаалж чадахгүй гэдгээ ойлгосон уу, яасан “хамгаалах” гэсэн үгээ хасан, Засгийн газрын 1996 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 182 дугаар тогтоолоор Байгаль орчны яам болов. Ийнхүү мэргэжлийнхэн “Байгаль хамгаалахаас бусдыг хийдэг яам” гэж хочлон нэрлэдэг төрийн байгууллага шинээр бий боллоо. Хожим  “домогт” Л.Гансүх сайд байгалийн хуулиудад эрс шинэчлэл хийж УИХ-аар батлуулан олон улсын гэрээний “Зохистой ашиглах”  гэсэн зарчмыг уг хуулиудад суулган   “Байгаль хамгаалахаас бусдыг хийдэг яам” гэсэн хочноос нь энэ яамыг салгасан билээ. Мөн Д.Цогтбаатар сайд дахиад ганцхан жил суудалдаа байсан бол байгалийн яам олон улсын жишигт хүрчих байсан юм. Ямар ч байсан энэ хоёр  хүнээс хойш байгалийн яаманд мэргэжлийн хүн биш мэдлэг, чадвар бас сэтгэлтэй хүн сайд байх хэрэгтэй юм байна гэдгийг мэргэжлийнхэн бид бүрэн ойлгосон юм даг. Энэ бол үнэхээр том гавьяа билээ. Харамсалтай нь өнөөдөр “Зохистой ашиглах”  гэсэн зарчмын оронд “Тас харамлах” гэсэн зарчим  энэ яаманд үйлчилж хууль бас олон улсын гэрээнүүд зөрчигдсөөр байна. Энэ нь биднийг “Саарал жагсаалт”-д ороход нэг том түлхэц болсон. Жишээ нь,  манай “нэн ховор” ангилалд хамаарах олон улсын гэрээний 1 дүгээр хавсралтын амьтан болох ирвэсийг жилд гадаадын анчдаар 500 толгой хүртэл  агнуулах квоттой 11 улс байна. Гэтэл бид өнөөдөр хувийн малыг нь идээд байгаа ирвэс агналаа гэж малчнаа торгож, шоронд хийгээд сууж байна. Байгаль хамгаалах асуудлаар бид нөгөө муугийн жишээ болгоод байдаг африкийн улсуудаас ч хол хоцорсны баталгаа нь энэ.Энэ асуудлыг тавихаар яамныхан   олон улсын гэрээгээр 1 дүгээр хавсралтын амьтнаар бизнес хийхийг хориглодог гэнэ.Тэгвэл яагаад  1 дүгээр хавсралтын амьтан болох ирвэсийг гадаадын анчдаар агнуулах квоттой улсууд байгаа юм бэ гэхээр “Манай зүйл ирвэс чинь ондоо зүйл ирвэс” гэнэ. Үгүй ээ, 1 дүгээр хавсралтын амьтан л бол эрвээхэй байсан ч ирвэс байсан ч нэг л хууль, журмаар квот авна.Учир нь ийм юм гээд тайлбарлаад өгөхөөр зүгээр л хэдэн жилээр  таг дуугүй болцгоочихно. Дам сонсоход яамны түшмэд  “Экспортын квот абвал энэ байгууллагын гарт орно” хэмээн худлаа ярьж сайд, дарга нараа хуураад  сууж байдаг сурагтай. Хэрэв үнэн байсан бол Талууд гэгдэх гишүүн 183-н тусгаар улс ганц, ганц албан бичиг өгөөд л  НҮБ-ын харъяа энэ байгууллагыг татан буулгадаггүй юм гэхэд гишүүнчлэлээ тэр дор нь цуцалчихна биз дээ.

Олон улсын гэрээгээр 1 дүгээр хавсралтын амьтнаар бизнес хийхийг хориглодог нь үнэн. Гэхдээ валют төлж байгаа гадаадын анчин 1 дүгээр хавсралтын ирвэсийг агнаж чихмэл хийдэг учраас бизнес биш хувийн цуглуулганд  хамаарах болж  зөвшөөрөл дээр нь Трофей-Ангийн олзвор гэсэн  Т үсэг тавигддаг. Мөнгө авч байгаа тал нь жил болгон агналтын өмнө болон хойно олон улсын жишигт нийцсэн аргаар ирвэсээ тоолж дүнгээ дэлхий нийтээр CITES гэх Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн Нарийн бичгийн газарт явуулж ирвэснээс олсон мөнгөөр бизнес хийсэн биш ирвэсэнд өөрт нь зориулсан гэдгээ бодитоор баталдаг учиртай. Харин цэвэр шинжлэх ухааны үүднээс тайлбарлавал, Биологийн шинжлэх ухаанд “биохог” гэсэн ойлголт бий. Монгол анчид  юуны түрүүнд үр төлгүй, сувай амьтдыг агнадаг байсан нь сүргийн нөхөн үржилд хамгийн том аюул учруулах “биохог”-ийг устгадаг байсан гэсэн үг. Мөн нэгэнт үржилд орж үр төлөө үлдээсэн аль ч эр амьтан генийн хувьд “биохог” болдог. Хөгшин том амьтан(биохог)-ыг гадаадын анчдаар агнуулах нь залуу амьтад саадгүй үржилд орж, сүрэг эрүүл чийрэг бодьгалуудаар сэлбэгдэн сүргийн тоо толгой олшрох нэг гол нөхцөл болно. Иймээс хэд хэдэн удаа үр төлөө үлдээсэн нэгдүгээр хавсралтанд бүртгэгдсэн  аль ч нэн ховор  амьтныг байгалийн өмнөөс цэвэрлэж валют олох боломжийг олон улсад хүлээн зөвшөөрдөг. Өөрөөр хэлбэл хөгшин арслан, ирвэс, заан гэх мэт нэн ховор амьтдыг гадаадын анчдаар агнуулж, олсон валютаа байгаль хамгаалах ажилд зарцуулж байгаа нь манай хуульд бичээстэй байдаг ч огт хэрэгжихгүй байгаа нөгөө зохистой ашиглалт гэдгийн бодит жишээ юм. Монголд жилд 200 ирвэс хууль бусаар агнагддаг гэдэг.Энэ нь 10 аймгийн 107 сумын иргэд олон улсын гэрээгээр олох ёстой байсан долоон сая ам.доллараа  жил болгон салхинд хийсгэдэг гэсэн үг. Хамгийн харамсалтай нь хууль бусаар агнагдсан ирвэснүүд бараг бүгд сүргээ нөхөн төлжүүлэх ёстой 2-4 насны залуу бодгалиуд байдаг.Энэ нь том ирвэснүүддээ газар нутгийн хувьд шахагдсан багачууд нь өлсөн малд халдаж  агнагддаг гэсэн үг. 1700 байсан ирвэс 1000 орчим болоод байгаа нь ч үүнтэй холбоотой.Иймээс өнөөдөр  бидэнд олон улсын гэрээ болох CITES-ийг бүрэн  хэрэгжүүлэн  бусад хөгжингүй улсын жишигт яаралтай хүрэх шаардлага үүсээд байна. Юун түрүүнд, CITES-ийн Нарийн бичгийн газраас гишүүн 183 улсдаа 30 хоногийн хугацаанд экспортын квот олгож буй журамтай уялдуулан иргэн, хуулийн этгээдэд долоо хоногийн дотор зөвшөөрөл олгодог шинэ тогтолцоог нэн яаралтай  бий болгох шаардлага үүсээд байна.Учир нь манай улс өнөөдөр  Засгийн газрын тогтоолоор  жилд ганц удаа өөрсдөдөө зөвшөөрөл олгодог үеэ өнгөрөөсөн  социалист тогтолцоогоор олон улсынхаа гэрээг зөрчиж байгаа билээ.

Манай газар нутгийн 76,8% цөлжсөн гэдгийг БОАЖЯ бахархалтайгаар  зарлаад хэдэн жил боллоо.Уг нь цөлжилт биш талхигдал юм л даа. Талхигдсан гэдэг нь буцаж сэргэх боломжтой  гэсэн үг. Харин үүнээс 15% нь дахин сэргэх боломжгүй болсон гэдэг нь цөлжсөн гэсэн үг билээ. Бид 30 жилийн судалгаан дээр үндэслэн бэлчээрийн талхигдалын шалтгаан, үүнээс хэрхэн хурдан хугацаанд гарах талаар  “Том наймааны төлбөр цөлжилт” нэртэй нийтлэл бичиж өдөр тутмын сонин болон сайтуудад нийтлүүлсэн. 2016-2020 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдаж, Ерөнхий сайд  өөрөө дэмжсэн  энэхүү асуудлаар хэд хэдэн удаа яаманд албан бичиг өгсөн боловч сурсан зангаараа таг чиг. Хэрэв энэхүү ажил хэрэгжвэл улсаас  нэг ч төгрөг гаргахгүйгээр орон нутгийнхан богино хугацаанд валютын тогтмол орлоготой болж ажилгүйдэл арилан,  аймаг сумдад  орчин үеийн дэд бүтцийн ажил өрнөн  ядуурал, цөлжилт болон агаар, хөрсний бохирдлоос бүрэн салж, ан амьтны  тоо толгой,  ургамлын нөөц идэвхитэй  өсөн  экологийн тэнцвэр буцаж  тогтох боломж бүрдэх юм.  Гэтэл  “Бид л болж байвал байгаль, иргэд падгүй” гэсэн бичигдээгүй хууль яаманд хэрэгжсээр байна.Мөн элсэн орсон олон улсын гэрээ гэгдэх НҮБ-ын конвенцуудыг огт хэрэгжүүлэхгүй мөртлөө эдгээр конвенцын эсрэг үйл ажиллагаа явуулдаг улс дамжсан  ТББ болох WWF гэх гоё нэртэй муухай байгууллагатай энэ яамныхан сүжирч “Муутай нийлбэл могойн хорлол” гээч нь болоод удлаа. БОАЖЯ-ны мэдэлд байгаа  дэлхийн хамгийн анхны Дархан цаазат газар Богд хан уулын маань амнууд  юу болчихоод байгаа билээ.Мөн арабууд идлэг шонхор барихдаа Монгол Улсын Амьтны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.1.11, 6.2., 10 дугаар зүйлийн 10.1,10.1.5., 34 дүгээр зүйлийн 34.1 дэх заалтыг зөрчиж байгаа явдал.Хуулиа хэрэгжүүлэхийн тулд “Шонхор шувуудыг машинаар хөөж бахардуулахгүй барих хялбар аргууд” оюуны өмчийн гэрчилгээ  авлаа.Үүнийг инноваци болгож хэрэгжүүлээч ээ гэхэд яамныхан таг чиг байсаар сурсан зангаараа санаатайгаар хуулиа зөрчив. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн Байгаль орчныг хамгаалах талаархи төрийн чиг үүрэг, зарчим гэсний 2-т Төр нь байгаль орчныг хамгаалах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ дараахь зарчим баримтална: 3/байгалийн баялгийг шинжлэх ухааны үндэслэлтэй зохистой ашиглах нөхцөлийг хангах; 4/байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг ашиглах шийдвэр, үйл ажиллагаа ил тод байх гэсэн заалтууд энэ яаманд л лав огт хамаарахгүй байна. Шуудхан хэлэхэд энэ бүхэн яам хэрхэн авилгажсаныг  баталж байна бус уу. Ганц жишээ дурдахад авилгалын хэрэгт оролцож албан тушаалаасаа зайлуулагдсан Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газрын даргыг сайд нь зөвлөхөөрөө авчихсан байх юм. Юу зөвлүүлэх гээд байгаа нь  ойлгомжтой байна. Тухайлбал, Н.Цэрэнбат сайд 2018 оны есдүгээр сарын 03-нд Арабын Нэгдсэн Эмират улсаас буцалтгүй тусламж болгон  өгсөн 999 990 ам.долларыг юунд зарцуулах тухай А/322 тоот тушаал гаргажээ. Гэхдээ мөнгө зарцуулах хавсралтыг яамныхаа Төрийн нарийн бичгийн даргаар бус өөрөө дороос суга татан дэвшүүлсэн нэг  нутгийн хүн, Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар хууль зөрчин байж батлуулсан байх юм. Эдгээр сайд, дарга нар мөнгө үрдэг шигээ байгаль, иргэдийн төлөө шуурхай ажилладаг байсан ч болоосой. Бас хэн ч байсан  хачирхмаар зүйл нь 2018 оны  есдүгээр сарын 05-нд эрх шилжүүлэх А/324 тоот тушаалаар бүх мөнгөө үрчихсэн атлаа 10 дугаар сарын 10-ны Засгийн газрын хуралдаанаар зарцуулчихсан мөнгийг захиран зарцуулах эрхээ авсан байна. Энэ мөнгөнөөс Н.Цэрэнбат сайд иргэдэд экологийн боловсрол олгоход  зориулан 345 сая төгрөг зарцуулжээ.Экологийн анхан шатны боловсролгүй хүмүүс иргэдэд хэдэн зуун саяар нь  жил болгон экологийн боловсрол олгохоор юу болдог нь харин ч нэг тодорхой байгаа юм. Тухайлбал,  Монгол улсад сүүлийн 10 гаруйхан жилийн дотор ховор болон элбэг ан амьтдын тоо толгой түүхэндээ байгаагүйгээр цөөрчээ. Жишээ нь 1980-д онд 40,000 орчим аргал хонь, 140,000 орчим халиун буга тоологдож байсан бол 2001, 2004 оны тооллогоор 13,000 орчим аргаль хонь, 10,000 орчим халиун буга тоологдож тоо толгой нь хэд дахин  буурчээ. Ховор, нэн ховор амьтдын тоо толгой арав гаруйхан жилд 70-90 хувь огцом буурсан байна. Бас бэлчээрийн цөлжилтөөс шууд шалтгаалж, биеийн эсэргүүцэл нь суларснаас зөвхөн манайд л байдаг Монгол бөхөнгийн 55% нь 2016 онд халдварт мялзан өвчинд нэрвэгдэн сүйрчээ. Мөн бэлчээрийн талхигдалаас болж бас л биеийн эсэргүүцэл нь суларснаас махан идэшт амьтдын дунд галзуу өвчин сүүлийн жилүүдэд байнга гарч байна. Ховор амьтнаар ч зогсохгvй элбэг гэж тооцогддог агнуурын ач холбогдолтой  тарвага, цагаан зээр зэрэг амьтдын тоо толгой ч эрс цөөрсөн байна. Тухайлбал, энэ яам байгуулагдахаас өмнө жилд 1 сая ширхэг тарваганы арьс экспортод гаргадаг байсан монголчууд өнөөдөр 1 ширхэг  арьс ч гаргаж чадахгүй болчихоод байна. Мөн тарваган тахлын давтамж  ч бэлчээрийн доройтолтой шууд холбоотой гэдэг нь экологийн наад захын ойлголттой хэнд ч мэдээжийн зүйл. Дэлхий нийтийн хамгийн үнэт, чухал баялаг болчихоод байгаа монголчуудын “Чандмань эрдэнэ” гэж нэрлэсээр ирсэн цэвэр усны нөөцийн хувьд 2016 оны гадаргын усны нэгдсэн тооллогын дүнгээр 774 булаг, шанд, 263 гол горхи, 346 нуур хатаж ширгэсэн дүн гарсан байна. Мөн амьдрахуйн маш нарийн зохилдлогоор холбогддог, бие биенгүйгээрээ оршин тогтнох үндэсгүй, хөрсөн дээр байгаа амьтай болгоныг нийтэд нь мэргэжлийн хэлээр макрофауна гэнэ. Харин хөрсөн дор байдаг бидний нүдэнд харагддаггүй яг ийм зохилдлого бүхий амьд байгалийг микрофауна  гэнэ. Иргэд микрофауныг хөрсний үржилт шимт хэсэг гэх нь бий. Олон сая жилийн байгалийн түүхэн хөгжлийн дүнд бий болдог микрофауна маш эмзэг. Ялангуяа говийн микрофауна. Хэрэв микрофауна үгүй болбол макрофауна ч байхгүй болно.Гэтэл яам микрофауныг огт үнэлдэггүй. Хэрэв үнэлдэг байсансан бол алтны компаниуд байгаль, гол усыг минь өнөөдрийнх шиг ингэж  хорлож чадахгүй байсан.

Бодит байдал ийм байхад Байгалийн яам байгуулагдсанаар улсын төсвийн мөнгө гэгддэг, татвар төлөгч бидний хэдэн төгрөг дэмий үрэгдсэнийг, хэдий хэмжээний валютаар гадаадад зугаалж, байгалийн нэрээр гаднаас хэдий хэмжээний хөрөнгө авч үрэн таран хийснийг гаргавал уншигч таны эрүүл мэндэд ихээхэн хор хохирол учрах нь  лавтай. Зөвхөн агаарын бохирдолыг бууруулах нэрийн дор энэ яам найман жилд буюу 2008-2016 оны хооронд бидний 557.2 тэрбум төгрөгийг салхинд хийсгэн нийслэлийн агаарын бохирдолыг яаж ихэсгэснийг санахад л хангалттай. Бидний татварт төлсөн мөнгө болон  гадаад улсаас авсан валютаар өвгөдөөс өвлүүлж үлдээсэн,  юугаар ч сольшгүй үнэт эрдэнэ байгалийг минь  сүйтгэн үр,  хойч үеийг минь хохироож байгаа энэ яамыг энэ хэвээр нь байлгаад л байх уу. Монголчууд аа. Эсвэл Л.Гансүх, Д.Цогтбаатар нар шиг сэтгэлтэй бас чадвартай хүнийг сайд болгоод өгөөч гэж Ерөнхий сайдаас гуйгаад үзэх үү. Ямар ч байсан энэ янзаараа байж болохгүй нь ээ. Учир нь БОАЖЯ гэдэг нь Байгалийн Олз Ашгаар Жаална, Яадгийн гэсэн үгсийн товчлол болчихоод байна.Эсвэл Байгаль Орчноо Аюулд Живүүлэх Яам юм болов уу.

Г.АМАРСАНАА

Санал болгох мэдээ

Ногоон автобусны “нэрээр“ төсвийн хөрөнгийг завшигсдад хуулийн хатуу хариуцлага хүлээлгэе

  Ногоон автобусны хэрэг явдал дэлхийн дэвжээнд нэгэнт гарлаа. Энэ бол Монгол улсад бусармаг үйл …