“Сүүн замын сахиул” уран сайхны кино Казахстаны кино театруудад нээлтээ хийнэ

Titans Pictures-ийн анхны уран бүтээл “Сүүн замын сахиул” адал явдалт уран сайхны кино “Хранители” нэрээр Казахстаны кино театруудад энэ сарын 28-нд нээлтээ хийх гэж байна.

Уг киноны гол дүрд бидний сайн мэдэх Рэкетир киноны Саяны дүрийг бүтээн, кино урлагт өөрийгөө тамгалсан Казахстан улсын алдарт жүжигчин Саят Исембаев тогложээ. Бусад голлох дүрүүдийг жүжигчин С.Ариунбямба, С.Болд-Эрдэнэ, А.Баттүшиг, Ц.Төмөрхуяг зэрэг жүжигчид бүтээсэн байна.

Киноны үйл явдал нь эртний үеэс эхлэх бөгөөд Чингис хааны Хас буу тамганы сахиулуудын тухай өгүүлнэ. Үйл явдал орчин цагт үргэлжлэн, залуусын хайр дурлал, нөхөрлөл, урвалт зэргийг үзүүлэн өрнөнө.

Эртний үе ба орчин цаг, адал явдал ба драм хосолсон онц сонирхолтой бүтээлийн Ерөнхий найруулагчаар Төрийн шагналт, МУГЖ Ц.Төмөрбаатарын хүү Т.Анар ажиллажээ.

Уг бүтээл нь эртний өв уламжлалаа одоогийн залуус мартах учиргүй, өвөг дээдсээс уламжилж ирсэн соёл, ёс заншлаа алдалгүй сахих ёстой гэсэн санааг залуу үедээ хүргэхийг зорьжээ.

“Сүүн замын сахиул” уран сайхны киноны уран бүтээлчид Казахстан улсыг зорин, нээлтэндээ оролцож ирээд 12-р сарын 5-нд Улаанбаатар хотноо нээлтээ хийнэ, цаашлаад Эрдэнэт, Дархан, 21 аймгийн үзэгчдэдээ киногоо толилуулахаар төлөвлөж байна.


Холбоотой мэдээлэл

Comments are closed.