АТГ: С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарт холбогдох хэргийг прокурорт шилжүүлсэн

Авлигатай тэмцэх газраас сар тутмын ээлжит мэдээллээ өнөөдөр /2019.11.11/ хийлээ. Хэвлэлийн хуралд тус газрын Олон нийттэй харилцах ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүү оролцож, цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

АТГ-ын Олон нийттэй харилцах ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүү:АТГ-ын удирдлагууд шинээр томилогдсоны дараа хэрэг шалгах ажлыг эрчимжүүлэх албан даалгавар гаргаж авлигын гэмт хэргүүдийг хурдан хугацаанд шалгаж шийдвэрлэхэд анхаарал хандуулан ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд олны анхаарал татсан, удаан хугацаанд шалгагдсан хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн байгаа.

Тухайлбал, Оюу толгойн гэрээтэй холбоотой С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарт холбогдох хэрэг, Улаанбаатар хотын дарга асан Э.Бат-Үүлд холбогдох хэрэг, Ерөнхий сайд асан М.Энхсайхан нарт холбогдох хэрэг, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг болон ЖДҮХС-гийн эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох хэрэг, Салхитын мөнгөний ордтой холбоотой шүүгч нарт холбогдох хэрэг, Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан Б.Шинэбаатар, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат нарт холбогдох хэрэг, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Л.Пүрэвбаатар нарт холбогдох хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн.

Зөвхөн 10 дугаар сард л гэхэд 32 эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн байна.

Мөн сүүлийн үед шинээр шалгасан хэргүүдийг шуурхай шалгаж, эрх бүхий байгууллагад шилжүүлэв. Та бүхэн мэдэж байгаачлан Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Д.Ганбат, ЗТХЯ-ны газрын даргаар ажиллаж байсан Д.Доржханд, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ч.Алтанхуяг, “ДЦС-2” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал С.Бямбаахүү нарт холбогдох хэргүүдийг шалгах ажиллагааг 1-2 сарын хугацаанд дуусгаж прокурорт шилжүүллээ. Зарим төрийн өндөр албан тушаалтнууд холбогдсон хэргийг шалгах явцад хэргийн цар хүрээ, үйлдэл нэмэгдэж байгаа ч мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй, шуурхай явуулж байна.

АТГ нь хуульд заасан ил, далд аргаар авлигын гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ ч биелүүлэхийн төлөө манай албан хаагчид цаг наргүй ажиллаж байна. Энэ ажлын бодит үр дүн ч эхнээсээ гарч байгаа. Тиймээс албан тушаал, албаны бүрэн эрхээ аливаа хувийн сонирхлоо гүйцэлдүүлэх арга, хэрэгсэл гэж харж байгаа хүмүүс энэ бодлоосоо татгалзах хэрэгтэй гэдгийг дамжуулж өгөхийг сэтгүүлчдээс хүсэж байна.

Хууль бус үйлдлийн талаарх мэдээллийг 110 тусгай дугаарт өгч бидэнтэй хамтран ажиллахыг хүсэж байна

АТГ-т ажилладаг, ажиллаж байсан гэх мэтээр байгууллагын нэр барьж, тендерт дэмжлэг хүсэх, шалгагдаж байгаа асуудал дээр өмгөөлөгчөөр туслалцаа үзүүлнэ, хамаарал бүхий этгээдээ ажилд оруулахыг хүссэн тохиолдлыг дотоод хяналтаараа илрүүлэн харьяаллын дагуу холбогдох байгууллагад шилжүүлэн шалгуулж байна. Тиймээс иргэд, олон нийтийн зүгээс авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргийн талаарх мэдээллийг шуурхай мэдээлэхээс гадна манай албан хаагч нарын нэр барьсан энэ мэт хууль бус үйлдлийн талаарх мэдээллийг 110 тусгай дугаарт өгч бидэнтэй хамтран ажиллахыг хүсэж байна.

Г.Нараа

Санал болгох мэдээ

О.Номинчимэг: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хэсэгчилж зарсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид …