Хөнгөлөлттэй нөхцөлөөр эрт тэтгэвэрт гарсан 21208 иргэний тэтгэвэр ирэх оноос 50 мянган төгрөгөөр нэмэгдэнэ

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн (2019.11.05) хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөнгөлөлттэй нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгосон зарим эхчүүд, эмэгтэйчүүдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл -ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслүүдийн талаарх танилцуулгыг Засгийн газрны гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хийсэн юм. Засгийн газраас 2020 онд хэрэгжүүлэх төсвийн бодлогын хүрээнд төсвийн зарлагын шинэчлэлийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид 1995-2019 оны хооронд төлж чадаагүй шимтгэлээ 2020 онд нэг удаа нөхөн төлж, тэтгэвэр авах боломж бүрдүүлэх юм. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийг Улсын Их Хурал 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр баталж, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр шийдвэрлэсэн. Хуулийн өөрчлөлтийг хэрэгжүүлснээр иргэн нэг сарын 42 000 төгрөг, жилийн 504 000 төгрөгийн шимтгэлийг нөхөн төлнө. Хуульд нэмэлт, өөрчлөлт орсноор 2020 онд 88 мянган малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч тэтгэврийн даатгалын санд 133.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, 42 мянган хүний тэтгэвэрт 65.1 тэрбум төгрөг зарцуулна. Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид шимтгэл нөхөн төлсөн жилээсээ эхлэн тэтгэвэр тогтоолгох боломжийг хамтад нь олгож байгаатай холбогдуулан тэтгэврийн сангийн эх үүсвэрийг тогтвортой байлгахад чиглэсэн зарим өөрчлөлтүүдийг холбогдох хуульд өөрчлөлт оруулах замаар зохицуулж байгааг сайд онцоллоо.

Мөн эхчүүдийн нийгмийн хамгааллыг сайжруулах бодлогын хүрээнд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт хийгдсэн дараах зардлуудыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ээс эхлэн Нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмжийн сангаас санхүүжүүлэхээр тусгасан. Үүнд:

– Төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авч зургаан нас хүртэл хүүхдээ өсгөсөн эхийн НДШ төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сарыг нэмж тооцох;

-Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан эхийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг цалин хөлснийх нь 70 хувиар тооцож байсныг 100 хувиар тооцож олгох;

–  Нийгмийн даатгалд даатгуулаагүй эх хүүхдээ асрах хугацаанд төлбөл зохих шимтгэлийн 50 хувийг өөрөө, үлдэх 50 хувийг төрөөс;

–  Сайн дураар даатгуулсан эхийн хүүхдээ асрах хугацаанд төлбөл зохих шимтгэлийг өөрөө хариуцаж байсныг холбогдох хуульд өөрчлөлт оруулж 50 хувийг өөрөө, үлдэх 50 хувийг тэтгэмжийн даатгалын сангаас тус тус олгох юм.

Түүнчлэн Хөнгөлөлттэй нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгосон зарим эхчүүд, эмэгтэйчүүдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлнэ. Үүнд, Улсын Бага Хурлаас 1990 оны 11 дүгээр сард “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Тэтгэврийн хууль”-ийг шинэчлэн баталсан бөгөөд энэхүү шинэчлэлийн нэг өөрчлөлт нь олон хүүхэд төрүүлсэн эхчүүд болон улсанд олон жил ажилласан хүмүүсийг онцгойлон үзэж хөнгөлөлттэй нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгох эрхийг хуульчилсан явдал байв.

Гэвч хөнгөлөлттэй нөхцөлөөр залуу насандаа тэтгэвэр тогтоолгосон, олон хүүхэд төрүүлсэн эхчүүдийн ажилласан жил цөөн, тэтгэвэр тогтоолгосон цалингийн хэмжээ бага байгааг харгалзан тэтгэврийн хэмжээг нь нэг удаа тусгайлан нэмэгдүүлэх арга хэмжээ авахаар болсон гэдгийг сайд танилцуулав.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Д.Оюунхорол нар үг хэлж, Засгийн газраас малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломж олгож байгаа, мөн эхчүүдийн нийгмийн хамгааллыг сайжруулахад чиглэсэн хуулийн зохицуулалтыг  хэрэгжүүлэхээр болж байгаа, түүнчлэн хөдөлмөрлөх ид насандаа явсан олон ээжийг олон хүүхэдтэй, мөн эрчүүдийг ажилласан жил нь хүрсэн гэсэн шалтгаар ажлын байр чөлөөлөх нэрийн дор хөнгөлөлттэй нөхцөл гэдгээр эрт тэтгэвэрт гаргаснаас бусдаас харьцангуй бага тэтгэвэр авч байгаа тэдгээр иргэдийг тусгайлан анхаарч тэтгэврийг нь нэмэгдүүлэх арга хэмжээ авч байгаад Засгийн газар, салбарын сайдал талархаж буйгаа хэлж байв.

Ингээд хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн юм. Тухайлбал, Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Хөнгөлөлттэй нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгосон зарим эхчүүд, эмэгтэйчүүдийн тэтгэврийн хэмжээг нэмэглдүүлэх тухай” хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав, Ц.Цогзолмаа нарын 12 гишүүний өргөн мэдүүлсэн “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл, Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжаваас өргөн мэдүүлсэн “Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” хуулийн төслүүдтэй нэгтгэн, Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслийг суурилж, төслийн нэрийг “Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” гэж өөрчлөх нь зүйтэй гэж үзэв. Мөн хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн “эхчүүд, эмэгтэйчүүдийн” гэснийг “зарим иргэдийн” гэж өөрчлөх, төслийн 1 дүгээр зүйлд “1.4.Нийтдээ 32-оос дээш жил ажилласан, 55 насанд хүрсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эрэгтэй” гэсэн агуулгатай 1.4 дэх хэсгийг нэмэх зарчмын зөрүүтэй саналыг дэмжлээ.

Дээрх гурван хуулийн төслийн агуулга нь ижил бөгөөд 1990 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр баталсан БНМАУ-ын Тэтгэврийн тухай хуульд заасан хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийн хэмжээг 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх зорилготой юм.

Хуулийн төсөл батлагдсанаар 1997 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт гарсан 21208 иргэний суурь тэтгэврийн хэмжээ ирэх оноос 50 мянган төгрөгөөр нэмэгдэх юм байна. Энэ арга хэмжээнд зориулж 2020 оны улсын төсөвт 12.7 тэрбум төгрөг тусгажээ.

Санал болгох мэдээ

ЗГ: Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн талаар хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар: – Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх …