Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг албан тушаалаас нь чөлөөлөхийг дэмжлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2019.11.04/ хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарыг албан тушаалаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.

Монголбанкны Ерөнхийлөгч болон СЗХ-ны дарга нарын өөрийнх нь хүсэлтийн дагуу огцруулах асуудлыг оруулж ирсэн байна.

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн байр суурийг хүргэж байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар: Саарал жагсаалтад орсон асуудалд хэн нэгэнд хариуцлага хүлээлгэх ёстой. Саарал жагсаалтад орсон дөрвөн шалтгаанд хариуцлагаа сайжруулах асуудлууд маш тодорхой тусгагдаж өгсөн. Бид одоо саарал жагсаалтаас хурдан гарахаа л бодох хэрэгтэй

УИХ-ын гишүүн Д. Эрдэнэбат: Сая Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн ирсэнгүй. Эзэнгүй үед нь хүний хувь заяа шийдчихлээ. Том байгууллага толгойлж байсан хүн ирээд ажлаа  ярьж болдоггүй юм уу. Нээлттэй захидал бичингүүт нь ингээд чөлөөлчихдөг юм уу. Хууль дүрэм гэж байдаггүй юм уу гэж асуумаар байна. Ингээд хоёр хүн чөлөөлчихдөг юм байж. Саарал жагсаалтад орсон гол буруу нь Засгийн газраас үүдэлтэй юм билээ. Та нар сайд нартаа хариуцлага тооцох хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Т. Аюурсайхан:  Саарал жагсаалттай холбоотойгоор хоёрхон хүнд хариуцлага тооцоод өнгөрөх нь учир дутагдалтай. Сангийн яам, Гадаад харилцааны яам ч энэ асуудалд тодорхой харицлага хүлээх ёстой. Мөн ХЗДХ-ийн яам мөнгө угаах, хар тамхи терроризмтай тэмцэх чиглэлээр юу ч хийгээгүй.

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан:Би хариуцлагаас зугтаахгүй хүлээнэ. Гэхдээ юунаас болж саарал жагсаалтад оров гэдгийг ажлын хэсэг байгуулж тусгайлан шалгах хэрэгтэй гэж бодож байна.Энэ бол ганц байгууллагын хариуцлагын асуудал биш, энэ бол тогтолцооны асуудал.      

 Ингээд   Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн олонх нь дэмжлээ.   

   УИХ-ын энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ.          

Санал болгох мэдээ

“Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжлээ

Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2024.04.16) Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд …