Монгол Улс “Дэлхийн санхүүгийн түүхийн музей”-тэй боллоо

Хүн төрөлхтний санхүү, эдийн засгийн салбарын түүхийг хэдэн мянган жилээр өгүүлэх, дэлхийд нэн ховор, баялаг үзмэр бүхий “ДЭЛХИЙН САНХҮҮГИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙ”-г эдийн засагч Өлзийбаярын Ганзориг энэ сарын 23-нд нээжээ. Ингэснээр Улаанбаатар хот нь санхүүгийн түүхийн музейтэй дэлхийн цөөхөн хотуудын нэг болж байгаа юм.

Тус музей нь нэн ховор, хэмжээлшгүй үнэ цэн бүхий 1,000 гаруй үзмэртэй бөгөөд түүхэн болон соёлын өвийн ач холбогдлоороо Америк, Англи, Хятад дахь ижил төстэй музейтэй хүчтэй өрсөлдөхүйц, өргөн цар хүрээг хамарсан, чансаатай музей болжээ хэмээн мэргэжилтнүүд өндрөөр үнэлсэн байна.

Мөн мэргэжлийн бус хүмүүс ойлгоход төвөгтэй бонд, банк, даатгал, хөрөнгийн зах зээл, хямрал зэрэг эдийн засгийн шинжлэх ухааны ойлголтуудыг диаграмм зураг, уран сайхны дүрслэл, дижитал тоглоом ашиглан тайлбарлаж, үзмэрийн тайлбаруудыг монгол, англи хэл дээр буулгасан нь Монголчуудад төдийгүй гадаадын жуулчдад санхүүгийн боловсрол олгох томоохон төв болжээ хэмээн сайшаасан байна.   

Дэлхийн санхүүгийн түүхийн музейг үүсгэн байгуулагч, эдийн засагч Ө.Ганзориг нь 2003 оноос хойш иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор их дээд сургуулийн оюутан, залуус, банк санхүүгийн салбарын мэргэжилтнүүд, олон нийтэд хичээл зааж, илтгэл тавих үедээ санхүү эдийн засгийн нарийн төвөгтэй ойлголтуудыг түүхтэй нь холбож тайлбарлах нь хүмүүст илүү ойлгомжтой байгааг анзаарсан байна. Тиймээс 13 жилийн турш тасралтгүй судалгаа шинжилгээ, эрэл хайгуул хийж, шаргуу хөдөлмөрлөснийхөө үр дүнд Дэлхийн санхүүгийн түүхийн музейн үзмэрүүдийг цуглуулан, олон нийтийн хүртээл болгожээ.

Тэрбээр музейг нээж хэлсэн үгэндээ: “Монголчууд дэлхийн санхүүгийн түүхийг нэг дор, тэр дундаа Улаанбаатар хотдоо үзэх боломж бүрдсэнд туйлын баяртай байна. Би энэ мөчийн төлөө амьдралынхаа 13 жилийг зарцуулжээ” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцсан байна. 

Санал болгох мэдээ

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо

НИТХ-ын ээлжит XXII хуралдаанаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг нийслэлийн өмчид 100 хувь авах тогтоолыг баталж, …