Ховд аймгийнхан “Хөөмий”-н урлагаа “Геннисийн ном”-д бүртгүүллээ

Монгол ардын язгуур урлагийн томоохон өв болсон “Хөөмий”-н урлагийг Дэлхийн дээд амжилтын ном Геннист бүртгүүлэх зорилгоор өчигдөр Ховд аймгийн БТСГ-т “Хамгийн олон хөөмийч нэгэн зэрэг хөөмийлөх” үйл ажиллагааг зохион байгууллаа.
Уг сорилтын үйл ажиллагаанд хөөмийн урлагийг өвлөн уламжлагчид, мэргэжлийн уран бүтээлчид, ардын авьяастнуудын төлөөлөл болсон таваас 83 хүртэлх насны 1400 гаруй хөөмийч оролцож, “Халуун элгэн нутаг”, “Тунгалаг Буянт” дууг нэгэн зэрэг хөөмийлсөн юм.

Хөөмийн үзүүлбэрийн дараагаар Геннисийн Азийн төв байгууллагаас ирсэн шүүгчид хяналтын тооллого явуулж 1308 хөөмийч буюу дэлхийн хэмжээнд хамгийн олон хөөмийч нэгэн зэрэг хөөмийлсөн болохыг баталж, Геннисийн амжилтын “Батламж”-ийг аймгийн удирдлагуудад гардуулан өглөө.

Ийнхүү Ховд аймгийн зон олон, Монгол туургатны хөөмийчид “Хөөмий”-н урлагаа Монголын язгуур соёл, урлагийн төрөл болохыг дэлхийд тунхаглан баталсан түүхэн амжилтын эзэд боллоо.

Ард Аюушийн талбайд зохион байгуулсан “Хөөмийн цэнгүүн”-ий үеэр соёл, урлагийн салбарт үр бүтээлтэй ажиллаж, хөдөлмөрлөж буй нэр бүхий хүмүүсийг Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг, БСШУСЯамны “Жуух бичиг”-ээр шагнаж урамшуулсан юм.
Мөн Монгол хөөмийг дэлхийд таниулах үйлсэд олон жилийн хөдөлмөр зүтгэлээрээ үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад үеийн хөөмийчдийг аймгийн Засаг даргын нэрэмжит шагналаар шагнаж, хүндэтгэл үзүүлэв.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.