Б.Мэргэн: С.Зориг агсны хэргийн материалыг ил болгож, шүүх хуралдааныг нээлттэй явуулах хэрэгтэй байна

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг мөрдөн шалгахдаа эрүүдэн шүүсэн хэрэгт Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогчоор ажиллаж байсан Г.Эрдэнэбат нарын есөн хүнийг яллагдагчаар татсан.

Тэгвэл өнөөдөр /2019.10.28/шүүгдэгч нарын өмгөөлөгчид цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Өмгөөлөгч Б.Мэргэн “Анхан шатны шүүхээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан боловч, прокурор эсэргүүцэл бичиж, давж заалдах шатны шүүх эсэргүүцлийг хүлээн аваад байна. “Хэргийг байгаа материалынхаа хүрээнд шийдвэрлэ” хэмээн анхан шатны шүүх рүү буцаасан. Өмгөөлөгчдийн хувьд энэ шийдвэртэй санал нийлэхгүй байна. Тиймээс магадлалаа гардаж авсны дараа Улсын Дээд шүүхэд гомдол гаргах байр суурьтай байгаа.

Энэ хэрэг төрийн маш нууцын зэрэглэлтэй учраас хэргийн материалын талаар ярих эрхгүй. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн Х.Баттулгад хандаж төрийн нууцад хамааруулсан хэргүүдийг ил болгох талаар хүсэлт гаргаж байна. 1998 онд үйлдэгдсэн С.Зориг агсны хэргийн 104 хавтас материал байгаагийн зарим хэсгийг ил болгосон. Эхний ээлжид тус хэргийн материалыг дараа нь эрүүдэн шүүсэн гээд байгаа хэргийн материалыг ил болгож, шүүх хуралдааныг нээлттэй явуулах хэрэгтэй байна. Ерөнхийлөгчөөс ҮАБЗ-өө хуралдуулаад хэргийн материалыг ил болгох зөвлөмжийг Засгийн газарт өгөөч ээ гэж хүсэж байна. Хэрэг нууцын зэрэглэлтэй учраас бидний ажиллаж байгаа хэргийн хүрээнд гэхэд шүүх дээр очоод 36 хавтас 15600 хуудас материалыг үзэж танилцаад, тэмдэглэл үйлддэг. Ингээд үйлдсэн тэмдэглэлээ үлдээгээд гардаг. Бид робот биш учраас тэмдэглэлээ эргэж санаад шүүх дээр мэтгэлцэнэ гэдэг маш хэцүү.

Үүнээс гадна нууцыг задруулбал эрүүгийн хариуцлага хүлээх нөхцөлд ажиллаж байхад нэр бүхий улс төрчид маш нууц хэргээс мэдээлэл задруулаад байдаг. Ингэхдээ өөрт ашигтай байж болохоор хэсгийг гаргаж ирээд олон нийтийг төөрөгдүүлдэг. Үүнийг залруулах гэхээр “Та нар төрийн нууц задруулахгүй шүү” гээд дарамтлаад байдаг. Тиймээс харилцан тэнцвэртэй байлгах хэрэгтэй байна. Цаг хугацааны хувьд аваад үзвэл 1998 онд үйлдэгдсэн гэмт хэргийг 21 жил шалгаж, гурван шатны шүүхээс шийдвэр гарчихсан. Ийм нөхцөлд нууцаас гаргах ёстой юм уу, үгүй юм уу гэдгийг тодорхой болгож өгөх хэрэгтэй байна.

Эрүүдэн шүүсэн хэрэг дээр зургаан хоногийн турш үйл явдал үргэлжилсэн гэх боловч 26 минутын бичлэгийг л ил гаргаж тавиад байгаа, бусад цаг хугацаанд нь юу болсон тэр юм нь огт байхгүй гэх мэт олон асуудал бий.

Хоёрдугаарт, ОУПХ-ноос “Та нар энэ улс төрчдөө болиоч, үүнээс улс төрчид нь ашиг хонжоо олоод яваад байна шүү дээ, энэ чинь хэргээ илрүүлэхэд саад болоод байна” гэсэн шаардлагуудыг хүргүүлж байгаа. Үнэхээр л энэ хэргийг шалгасан нэртэй УИХ-ын гишүүн болсон, эсвэл уг хэрэгтэй холбоотойгоор эсрэг нам нь улс төрийн хэрэгсэл болгож, ашиг хонжоо хайсан байдлаар л энэ асуудал яваад байна.

Мөн уг хэргийг шалгахтай холбоотойгоор Улсын их хурлаас Түр хороо байгуулсан. Түр хороонд Л. Болд, Ж. Батзандан, Ц. Нямдорж гэх мэт УИХ-ын гишүүд орсон. Эдгээр гишүүд Төв аймаг дээр болсон Анхан шатны шүүх дээр болсон хуралдаанд оролцох хүсэлтээ өгсөн. Бид шүүхэд эргэлзэж буй тул шүүх хуралд оролцмоор байна гэсэн. Мөн тэр хуралдаан болох зургаан өдрийн турш сэтгүүлчид сурвалжилсан. 10-аад иргэний нийгмийн хөдөлгөөнүүд жагссан. Энэ хөдөлгөөнүүд ч хэргийг ил болгох хүсэлтээ өгсөн. Үүнээс үзэхэд Олон улсын байгууллага ч, улс төрчид ч, сэтгүүлчид ч, иргэд ч уг хэргийг ил болгомоор байна гэдэг хүлээлт байна. Тиймээс байж болох бүх тал энэ хэргийг ил болгоод хэлэлцье гэж санал нэгдэж байгаа тул ил болгох нь зүйтэй юм. Далд байдлаар явахаар шүүхэд эргэлзэх эргэлзээ их болж байна” гэж мэдэгдлээ.

Санал болгох мэдээ

СХД-ийн 12 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 12 дугаар сургуулийн барилга 1948 онд ашиглалтад орсон бөгөөд …